ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрт 11832 айл, 1163 байгууллага цахилгаан хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2024 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Энэ сард цахилгааны үнийг шинэ болон хуучин тарифаар
бодно” хэмээн ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбарын Борлуулалтын албанаас мэдээллээ.
Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмэх шийдвэрийг гаргасан. Тиймээс сарын эхний 15 хоногийн хэрэглээг хуучин үнээр бодох юм.
ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбарт Өвөрхангай, Баянхонгор аймгийн долоон сум, Өмнөговийн Мандал-Овоо, Дундговийн Сайхан-Овоо сумын 21 мянган хэрэглэгч харьяалагдаж байгаагаас 18 мянга нь айл, бусад нь аж ахуйн нэгжүүд юм. Үүнээс Арвайхээр суманд 11832 айл, 1163 албан байгууллага, аж ахуйн нэгж цахилгаан, эрчим хүч хэрэглэж байна.
Эрчим хүчний шинэчилсэн үнэ тариф нь өрхийн хэрэглээнээс хамааран гурван шатлалтай нэмэгдэх юм. Тодруулбал,
- 0-150
кВт/цаг хэрэглээг 140 төгрөгөөр тооцож байгааг 175 төгрөг,
- 150-300
кВт/цаг хэрэглээг 256 төгрөг,
- 300
кВт/цагаас илүү гаргасан хэрэглээг 285 төгрөгөөр тооцно.
Ингэснээр
иргэд эрчим хүчийг хэрэглээндээ тохируулан хэмнэлттэй ашиглавал бага үнээр
тооцож, хэрэглээ ихсэх тусам төлбөр их гарах юм. Дээр нь суурь хураамж 2200 төгрөг байсан бол 3200 болсон. Ингэснээр сард 25 мянга гардаг айлын цахилгааны
төлбөр 35 мянга болно гэдгийг Борлуулалтын тооцооны инженер Д.Оюунсүрэн ярилаа.
Харин
аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг 30 хувиар буюу 1 кВт/цагийг дунджаар 280
төгрөг болгожээ.
Цахилгааны
үнэ төлбөрт хэрэглээний зардлаас гадна суурь үнэ, сэргээгдэх эрчим хүчний
төлбөр, МҮОНРТ-ийн хураамж, хогийн төлбөр, НӨАТ, мэдэгдлийн үнэ гэхчлэн 10 орчим
төлбөр багтдаг байна.