Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдал, дижитал хөгжил нь нэг зоосны хоёр тал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-25 14:55:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кибер орон зайд улс үндэстэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах шийдлийг хэлэлцэхээр “Кибер тусгаар тогтнол” форумыг ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс санаачлан, хоёр дахь жилдээ зохион байгууллаа.


Орчин цагт кибер аюулгүй байдал, дижитал хөгжил нь нэг зоосны хоёр тал гэдгийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү форумын үеэр онцлоод, Кибер аюулгүй байдлыг хангахад техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүний чадавх дутагдалтай байгаа тул Оксфорд, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран мэргэжилтэн бэлдэж эхэлснээс гадна төсөв, улс төр, хууль эрхзүйн шийдлээ гаргасан. Одоо эрсдэлийн үнэлгээ хийдэг, кибер аюулгүй байдлын аудит хийдэг байгууллагын үйл ажиллагааг хэвшүүлэх, онц дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах асуудал бий. Засгийн газрын 2022 онд тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Төсөвт мэдээллийн технологийн зардлыг 2026 оноос ерөнхий бус задалж оруулна. Ингэснээр кибер аюулгүй байдалд хандах соёл төлөвшиж, эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээ бэлдэх, халдлагад өртсөн байгууллагыг оношилж, харилцан мэдээлэл солилцох соёл бий болно. Хиймэл оюунд суурилсан халдлага эрчимжихийн хэрээр мөн үүнд нь суурилсан хамгаалалтын програм хөгжиж байна” хэмээв.



Кибер аюулгүй байдлын хувьп манай улс хууль эрхзүйн орчноо тодорхой болгож байгаа. Хамгийн сүүлд эрсдэлийн үнэлгээ хийх журмаа ч баталжээ. 2014 онд дэлхийн хүн амын 37,4 хувь интернэт хэрэглэгч байсан бол 2024 онд 10 дугаар сард 66,2 хувьд хүрчээ. Үүнээс 63,8 хувь нь сошиал медиа хэрэглэгч юм. Технологийн хувьслыг дагаад хиймэл оюунд суурилсан кибер халдлага 2028 он гэхэд дэлхийн эдийн засагт 64.4 тэрбум ам.долларын хохирол учруулах магадлалтай. Өнгөрсөн оны судалгаагаар дэлхийд кибер аюулгүй байдлын 3,4 сая мэргэжилтэн шаардлагатайгаас 2,7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад байгаа аж.


ТЕГ-ын МАБГ-ын дарга, Хурандаа Ц.Хүрэлбаатар “Мэдээлэл технологийн хөгжлийг хиймэл оюун түүчээлж, кибер орон зай, аюулгүй байдалд Ази номхон далайн бүс нутагт рансомвэйр халдлага түгээмэл байна. Ингэхэд батлан хамгаалах, гадаад харилцаа, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага руу чиглэж байна. Мөн геополитикийн нөхцөлөөс шалтгаалж кибер халдлага эрчимжиж буй. Майкрософтын статистикаас харахад өдөр тутамд 600 сая халдлагыг хамгаалж байгаагаа мэдээлжээ. Кибер халдлага олон улсад тогтворгүй нөхцөл байдал үүсгэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээ рүү довтолж байна” гэлээ.


Кибер аюулгүй байдлын индексийн техникийн чадамж үзүүлэлтээр АНЭУ 20, Монгол Улс 6,64 оноотой байна.



 

Холбоотой мэдээ