2025 оныг “Байгаль орчны салбарт ажиллагсдын эрхийг хамгаалах, ажиллах орчныг сайжруулах жил” болгон зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-11-26 12:59:15

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ой, модны салбарын 100 жилийн ойн хурал болж, манай орны ойн мэргэжилтнүүд цуглалаа. 


Хурлыг БОУӨ-ийн сайд С.Одонтуяа нээж хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицож, ой, ногоон бүрхэвч бүхий газар нутгийн талбайг өргөтгөн, гол мөрөн, нуурын усыг хамгаалах, ундаргыг сэлбэх, мөнх цэвдгийн урсцыг зогсоох, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэх нь бидний зорилт болж байгааг онцолсон юм. 


Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ шаардлагыг бодитоор олж харж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, дэлхий нийтийн анхаарлыг эзэн Чингисийн өлгий нутагт хандуулж чадсаныг тодотгоод, “Энэ хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн төлөө манлайлж буй ойн салбарынхны хичээл зүтгэл, бүтээлч санаачилга, дэмжигч байгууллагын хамтын ажиллагаагаар 60 сая мод тариад байна. Засгийн газар байгаль орчны асуудлыг тэргүүнд тавьж, салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор “Ойн тухай”, “Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” “Тусгай ан агнуурын тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Ойжуулах, нөхөн сэргээх, мод үржүүлгийг үлэмж нэмэхийн тулд агро ойн аж ахуйг хөгжүүлэх, газар тариаланг хамгаалах ойн зурвас байгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг чанартай хийх, үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэх, урамшуулах тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд анхаарч байна. Манай яам 2025 оныг “Байгаль орчны салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах, ажиллах орчныг сайжруулах, амьдралын түвшинг дээшлүүлэх, ганц хоёр том компани гэлтгүй салбарын жижиг дунд аж ахуйн нэгжийг тэтгэх жил” болгон зарлана. Ойн салбарт хүний нөөц дутагдалтай, энэ чиглэлээр суралцагчдын тоо цөөн байгаад төрийн бодлого хэрэгтэй байгаа" гэв. 


Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, “Салбарынхаа 100 жилийн ойг угтан 29 үйл ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр хаалтын хурлаа хийж байна. Манай улсын ойн сан 2023 онд газар нутгийн 8.48 хувь байсан. Түймэрт өртсөн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах, шинээр ойн сан байгуулснаар ойрхох чанар жилээс жилд нэмэгдсээр байгаа. "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум модыг 450 мянга орчим га талбайд  тарьж, таримал ой бий болгох тооцоо гаргасан. Үүний дүнд манай орны ойрхох чанар 9 хувьд хүрэх юм. Ойн тогтвортой менежмент гэдэг нь ашиглалтаа хаяхгүй гэсэн үг юм. Ой бол байгалийн аясаар нөхөн сэргээгддэг баялаг учир ашиглаж байх ёстой. Гэхдээ хууль бусаар хавтгайруулан мод тайрч болохгүй. Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад байгаа. Түүнчлэн, ой хамгаалах хүрээнд хөнөөлт шавжтай тэмцдэг. Шавж нь биологийн төрөл зүйл учир амьдрах таатай нөхцөл бүрдсэн үед хэт олшроод ирвэл хөнөөлт шавжтай тэмцдэг. Модны навч шилмүүсээр хооллодог  360 орчим, модлог ишээр хооллодог 300 орчим зүйл гээд нийт 740 орчим зүйлийн хөнөөлт шавж бий. Тэдний зарим зүйл нь хэт олширч байхад нөгөө талд багасах гэх мэт зүй тогтлоороо оршдог учир ойн хөнөөлт шавжийг устгадаггүй, тодорхой түвшинд тэмцдэг. Өнгөрсөн 100 жилд манай орны ойрхох чанар нэг их өөрчлөгдөөгүй хэвээр байгаа” хэмээлээ. 


Монгол орны ойн сангийн 3 хувийг эзэлдэг Хөвсгөл аймгийн сум дундын ойн газрын төлөөлөл ярихдаа, -“Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд 20 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ ажлынхаа 60-70 хувийг нь хэрэгжүүлээд байгаа. Сум дундын ойн ангиуд  тарьц суулгацын нэр төрлийг нь нэмж, жилд 1-1,5 сая ширхэг тарьц суулгацыг ургуулж байгаа. Энэ жил аймгийн Баяншишгэт сум дундын ойн анги 500 мянган ширхэг тарьц суулгацыг тарьж ургуулсан. Ингэхдээ аймгийнхаа хамгийн бага ойн сантай Арбулаг, Мөрөн сумыг илүү ойжуулж ногооруулахад анхаарч байгаа” гэсэн юм. 




Холбоотой мэдээ