COP29: Уур амьсгалын санхүүжилтийн хэмжээг жилд 300 хүртэлх тэрбум ам.долларт хүргэхээр тохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-11-28 09:07:28

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан Улсын Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал болон Конвенцын үндсэн хоёр байнгын хорооны хуралдааныг Баку хотноо энэ сарын 12-24-нд нэгэн зэрэг зохион байгуулсан юм.

Талуудын 29 дүгээр бага хурлын хаалтын нэгдсэн хуралдаан энэ сарын 24-нд болж үндсэн асуудлаар шийдвэрүүдээ танилцуулж баталсан байна. Тухайлбал, хөгжиж байгаа орнууд, нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан уур амьсгалын санхүүжилтийн хэмжээг жил бүр 300 хүртэлх тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцоонд хүрчээ.


Цаашид төрийн болон хувийн салбарын оролцоотой уур амьсгалын санхүүжилтийн хэмжээг үе шаттай 2035 гэхэд 1.3 их наяд ам.доллар болгон нэмэгдүүлэх хүчин чармайлтыг дэмжин ажиллахаар талууд тохиролцжээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, “Энэхүү хэлэлцээр дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд зайлшгүй шаардлагатай байсан боловч бидний өмнө тулгараад буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санхүүжилтийн талаар, уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй хор уршгийг багасгах тал дээр ч илүү том үр дүнд хүрнэ гэж найдаж байсан” гэв.

 

Улс орнууд мөн дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг зохицуулах дүрмийн заалтуудыг тохиролцжээ. 

Холбоотой мэдээ