Академич Г.Чулуунбаатарын хувийн баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-12-12 15:03:32

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г. Чулуунбаатарын хувийн хөмрөгийг Үндэсний төв архивд хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 11-нд боллоо.


Сүүлийн жилүүдэд Үндэсний төв архивын сан хөмрөгийг ШУА-тай хамтран академичдын амьдрал, үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хувийн гаралтай баримтуудаар тасралтгүй баяжуулж буй.  Энэ удаа Монголын Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Удирдлагын академийн захирал агсан Г.Чулуунбаатарын намтар түүх, ажил алба, ярилцлага, сургалт, эрдэм шинжилгээ-судалгааны бүтээл, ном зохиолын 63 хадгаламжийн нэгжийн 4,883 хуудас цаасан баримт, 33,5 гегабайт дүрс бичлэг, 117 мегабайт гэрэл зургийг хүлээн авч сан хөмрөгөө баяжууллаа.


Энэ үеэр түүний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.


Академич Г.Чулуунбаатар Ховд аймагт мэндэлж, ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оноос Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, Удирдлагын академи, Философийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаар ажилласан баялаг намтар түүхтэй нэгэн юм.


Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал хэлсэн үгэндээ, “...Тэрээр нэгэн насныхаа бүхий л амьдралыг шинжлэх ухаан, боловсролд зориулж, ялангуяа нийгэм, соёл, улс төр-философийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан, энэ чиглэлээр 300 шахам эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, онолын суурь судалгааны төслүүдийг амжилттай удирдан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааг хөгжүүлэхэд онол, арга зүйн удирдлагаар манлайлан ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч, тэргүүлэгч эрдэмтэн төдийгүй бүх насны амьдралаа судалгаа шинжилгээндээ зориулсан нэрт эрдэмтэн байсан. Өчигдөрхөн түүний зохиогчоор оролцсон сүүлийн бүтээлүүдийн нэг “Монгол Улсын түүх XX-XXI зуун” таван боть 2024 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна” хэмээн онцлон дурдав.


Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Удирдлагын академийн захирал доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн профессор, МУГБ Ш.Батсүх, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, МУБИС-ийн ректор асан, доктор Д.Мандах, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал Г.Сүхээ, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Данзан болон түүний охин доктор Ч.Цэрэннадмид нар хамтран зүтгэгч, шавь нар, найз нөхөд, гэр бүлийг төлөөлөн дурсамжаа хуваалцсан юм. 









Холбоотой мэдээ