ӨМНӨГОВЬ: Улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-19 10:29:54

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаан 88.5 хувийн ирцтэй хуралдлаа.

 

Хуралдаанаар Өмнөговь аймгийн 2025 оны төсвийг хэлэлцэж 2.3 их наяд төгрөгөөр баталжээ.

 

Үүнээс Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 134.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, орон нутагтаа 443.1 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж, улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд "бүсчилсэн хөгжлийн бодлого", "хүний хөгжлийн бодлого", "эдийн засгийн бодлого", "хүрээлэн буй орчин, усны нөөцийн бодлого", "хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого" зэрэг 5 тэргүүлэх чиглэл бүхий 44 зорилтыг хангах 258 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн төрийн байгууллагуудын урсгал зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллах чиглэлийг төсвийн бүх шатны захирагч нарт өглөө.

 

Харин 2025 онд боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэсэн байна.

 

Тодруулбал, хүн амын төвлөрөл ихтэй Даланзадгад, Гурвантэс суманд шинэ сургууль, Цогтцэций суманд 640 болон 320 хүүхдийн сургууль барих, Даланзадгад суманд шинээр дөрвөн цэцэрлэг барихаар төсөвт тусгажээ.

 

Эрүүл мэндийн салбарын хувьд Даланзадгад суманд 50 ортой хүүхдийн эмнэлэг, Гурвантэс сумын эмнэлгийн барилгыг дуусгах, Өмнөговь аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулах, сумын иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нүүдлийн эмнэлгийн үйл ажиллагаанд тус тус хөрөнгийг шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ