Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн ёслол боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-19 13:30:48

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн 30 жилийн ойн ёслол Монгол - Япон төвд өчигдөр боллоо.


Тус нийгэмлэгийг Монгол Улсаас Япон Улсад суух анхны Элчин сайдаар ажиллаж байсан С.Дамбадаржаа агсны санаачилгаар 1994 онд байгуулж байжээ.


Ёслолд УИХ-ын Монгол - Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах, Ерөнхий сайд асан Д.Содном, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара гэргийн хамт оролцов. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч Р. Жигжид үг хэлж ёслолыг нээсэн юм.


Тус нийгэмлэг нь цаашид хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилго бүхий үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ Монгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг тэрбээр онцолж байв.


Монгол, Японы Соёлын солилцооны хэлэлцээрийг байгуулсны 50 жилийн ой болон тус нийгэмлэгийн 30 жилийн ойг тохиолдуулж энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаааг зохион байгуулсан юм.


Уг ёслолын үеэр “Түншийн холбоо” нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар академич Ц.Батбаяр, “Монгол, Японы соёлын харилцаа 50 жилд” сэдвээр илтгэл тавьсан юм.


Тэрбээр илтгэлдээ, "“Наран” бүрэн дунд сургуулийг Шимада хоттой, Японы Изүмисано хотыг Төв аймагтай хамтын ажиллагаа тогтооход зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Тэдний хамтын ажиллагаа одоо ч хэвийн үргэлжилж байна.


“Ошин” киноны гол дүрийн жүжигчин Аяко Кобаяши тэргүүтэй 4 хүн (1997), Японы Ерөнхий сайд асан Кэизо Обүчигийн гэргий Обүчи Чизүко, охин Обүчи Юүко (2003), олзонд байсан цэрэг Х.Тамүра (2004) нарыг урьж айлчлуулснаас гадна Монголын соёлын элч, алдарт дуучин Яширо Аки (2018) -г урьж тоглуулах, баримтат кино хийхэд дэмжин тусалсан.


2004 оны Японы газар хөдлөлт, улмаар 2011 оны Фүкүшимагийн, 2016 оны Күмамотогийн, 2024 онд Нодо хойгийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд туслах хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж, цугларсан хандивыг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгсөн" хэмээн өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэмлэгийнхээ хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаанаас илтгэлдээ онцолсон юм.


Одоогоос 30 жилийн өмнө хоёр орны харилцааны хөгжилд найрамдлын байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэгтэй болохыг Монгол Улсаас Япон Улсад анхны байнгын элчин сайдаар ажиллаж байсан С.Дамбадаржаа анзаарч, шинэ нийгэмлэг байгуулах санаагаа тухайн үед Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Р.Амаржаргал, ГХЯ-ны Азийн газрын дарга С.Хүрэлбаатар, Ерөнхий сайд асан Д.Содном, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн захирал Ц.Адьяа, Говь комбинатын ерөнхий захирал П.Дамдинжав нартай уулзаж санал солилцсоны үндсэн дээр шинэ нийгэмлэг байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Ийнхүү “Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийг 1994 оны 7-р сарын 4-ний өдөр албан ёсоор байгуулж, Д.Содномыг нийгэмлэгийн тэргүүнээр, гүйцэтгэх захирлаар Д.Дамбадаржаа нарыг баталсан байна. Нийгэмлэгийн үйл ажиллагааг 2017 он хүртэл 23 жил Д.Содном, 2023 он хүртэл 6 жил Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар удирдсан байна. 


Монгол Улс Япон Улстай 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг амжилттай хөгжүүлж байна.






Холбоотой мэдээ