Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх бодлогыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батхүү шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх бодлогыг танилцууллаа.
Шинжлэх ухааны салбарт энэ оны 10 дугаар сарын байдлаар нийт 66 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус салбарт Инновацын тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Патентын тухай хууль болон бусад дүрэм, журам зэрэг 20 гаруй хууль, эрх зүйн акт мөрдөгдөж байна. 2024 онд Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсныг УИХ-аас баталжээ.
Шинээр баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн
хэрэгжилтийг хангах, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ бүтээл, оюуны өмчийг
эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч,
зам тээвэр, ложистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын бүтээмжийг
нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл
бүхий адилтгах санхүүжилт болон хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлсэн татварын таатай орчинг бий болгох, хэрэглээний шинжлэх
ухаан, хиймэл оюун, дижитал бизнес, ногоон технологи, гарааны бизнесийг дэмжих
инновацын хөрөнгө оруулалтын санг байгуулах шаардлагатай аж.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Цэнгүүн, Ч.Анар, Ж.Галбадрах нар улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудаа эрэмбэлсний дараа шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд ямар бодлого баримталж буй талаар, эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсад хэвлүүлэхээс гадна хөгжлийн бодлогыг тодорхойлоход хэрэгжүүлэх тухай санал хэлж, асуулт асуув. Мөн шинжлэх ухаан, инновацын салбарын ач холбогдлыг таниулах ажлыг хэзээнээс эхлэх зэрunau асууж байв.
Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, 2026 он
хүртэл Монгол Улсын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.
Үүнд хүний хөгжлийн судалгаа болон хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, ногоон
хөгжил, эрчим хүч, аж үйлдвэр, өндөр технологийн судалгаа гээд 2-3 цөм
технологийг баталсан. Шинжлэх ухаан, технологи, инновацын Үндэсний хороог
байгуулан, Ерөнхий сайд ахлахаар хуульчилсан. Цаашид шинжлэх ухааны салбарыг
хөгжүүлэх бодлогод эрс өөрчлөлт хийхийн тулд улс төрийн болон
бодлогын дэмжлэг хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийллээ гэж УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.