Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн
сайд Ц.Туваан танилцууллаа. Ерөнхий сайдын энэ оны долоодугаар сарын 26-ны
өдрийн 28 дугаар захирамжаар “1955 оны "Монгол-Хятадын хилийн төмөр замын
хэлэлцээр" болон "Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр замын
бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын
2023 оны 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Засгийн газраас уг асуудлыг хоёр
улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах замаар шийдвэрлэхээр
төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар БНХАУ-ын талд холбогдох саналыг
хүргүүлээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын
Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр
замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг хийх үедээ баримтлах
чиглэлийг УИХ-аас авах зорилгоор төслийг боловсруулжээ.
УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хоорондын
хэлэлцээрийг БНХАУ-ын талтай хийж, хэлэлцээрийн төслийг УИХ-аар
хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу соёрхон батлуулахаар
төлөвлөж байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцуулсан юм. Яриа хэлэлцээрийн үед
баримтлах чиглэлд тусгах асуудлын талаар мөн танилцуулж буйгаа тодотгов.
Тухайлбал, Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр
замын бүтээн байгуулалтыг хоёр улсын төрийн дээд, өндөр түвшний хооронд
тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын
оролцоогүйгээр хэрэгжүүлэх, энэхүү бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг
хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах
урт хугацааны гэрээг байгуулах, мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг
асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх талаар
тусгуулахаар танилцуулав.
Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийг бусад этгээдэд эзэмшүүлэхгүй, шилжүүлэхгүй байх, тус чиглэлийн
төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс
худалдах худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг
жишиг болгож гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16
хүртэл жилээр тогтоох тухай танилцуулгад дурдав. Мөн нүүрс худалдах, худалдан
авах гэрээний дагуу нийлүүлэх өөрсдийн хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн,
2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх, тус төмөр
замыг байгуулахад өргөн нарийн царигийн аливаа маргаан дахин үүсгэхгүйг
бататгах, бүтээн байгуулалтад нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэйгээр
бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах зарчим баримтлах саналыг дээрх
чиглэлд тусгуулахаар Ц.Туваан сайд танилцууллаа.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулж гишүүд хэлэхдээ
хэлэлцээрийг байгуулж, төслийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбарын нарийн
мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх асуудлыг анхаарах, тодорхой
асуудлаа нарийвчлан тохиролцох зэрэгт анхаарахыг сануул байлаа. Ингээд санал
хураалт явуулахад тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг
дэмжиж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар
болов.