Манай улс өнгөрсөн сард 158 улстай худалдаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-27 10:42:27

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 11 сард 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Үүнээс экспорт 14.6 тэрбум, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3 (13.4 хувь) тэрбум, экспорт 781.7 (5.7 хувь) сая, импорт 2.2 (26.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдэж, тэнцэл 1.4 (-25.9 хувь) тэрбум ам.доллароор багассан аж.


Экспорт энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 781.7 сая ам.доллароор нэмэгдэхэд зэсийн хүдэр, баяжмал 528.1 сая, алт 181 сая, төмрийн хүдэр, баяжмал 153.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин лаазалсан махан бүтээгдэхүүн 46.2 сая, цайрын хүдэр, баяжмал 44.2 сая ам.доллароор багасжээ.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 2.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 382.3 сая, ачааны автомашин 297.6 сая, дизелийн түлш 196.2 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 139.3 сая, автобензин 91.5 сая, цахилгаан шуудан утасны холбооны аппарат  75.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.


Экспорт 11 дүгээр сард өмнөх сарынхаас 10.5 (0.7 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 18.5 (1.9 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ