Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29 нь Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон өдөр юм. Энэ өдөр монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэрийг гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Монголчуудын
сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт
ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний хувьд түүхийн онцгой хуудас,
хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал болсон билээ. Энэхүү Үндэсний
эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах
гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл,
үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс
болсон юм.
Социализмын он жилүүдэд эл түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон, улмаар 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.
Хаан: VIII
Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчүгбалсамбуу. Тэрбээр
1869 онд Төвөдийн Лхаст төрсөн, төвөд үндэстэн. Түүнийг хоёр настайд нь Ар
Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874
онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. 1911 онд Монгол Улсын
хаан болж, 1924 оны 5 дугаар сард нас барах хүртлээ хаан ширээнд суусан.
Төрийн
дуулал: Зуун лангийн жороо луус
Оны
цол: Олноо өргөгдсөн Монгол Улс
Нийслэл: Нийслэл
Хүрээ
Яамд: 1911
оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааныг хаан ширээнд залж, Олноо Өргөгдсөн
Монгол Улсыг байгуулсны зэрэгцээ анхны таван яамыг байгуулав. Үүнд:
-Дотоод
хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Да лам Г.Цэрэнчимэд
-Гадаад
хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам. Сайд Чин ван М.Ханддорж
-Сангийн
хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Түшээт ван Г.Чагдаржав
-Цэргийн
хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Далай ван Г.Гомбосүрэн
-Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Эрдэнэ ван М.Намсрай ажиллаж байв. Эдгээр яам нь өдгөөгийн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүхийн үүсэл юм. 1912 оны зун Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилжээ.