СЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсголыг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг ирэх сарын 14-нд зохион байгуулахаар тогтлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр
дэвшигчийн бүртгэлийг олон нийтэд 14 хоногийн хугацаанд зарласан аж. Бүртгэлийн
хугацаанд 4 хүн тус албан тушаалд нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлснээс хоёрыг
нь сонсголд оруулахаар болжээ.
Ч.Сайнбилиг нь 1993-1994 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд
сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2008 онд Калифорнийн их
сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1997-2008 онд “Монгол шуудан” банканд
дилер, 2013-2016 онд “Хадгаламж даатгал” корпорацын дэд захирал, 2014-2022 онд
“Тээвэр хөгжлийн банк”-ны санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан.
С.Халиунаа нь 2001-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг
эрх зүйчээр төгссөн, 2020 онд Кардифф Метрополитан Юниверсити, бизнесийн
удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний газар,
2014-2016 онд АПУ компанийн хуулийн зөвлөх, 2016-2020 онд “Ард” санхүүгийн
нэгдэл ХХК-ийн Комплайнс хариуцсан захирал, 2021 оноос “Гранд Лекс Партнерс”
ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээдийн хүсэлт
болон нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг ирэх сарын 13-ны өдрийн 15:00 цаг
хүртэл цахимаар болон шуудангаар хүлээн авахаар болов. Нэр дэвшигчийн сонсголын
даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарыг сонгов.