Аялал жуулчлалын салбар хариуцсан бүтэц бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-21 18:41:06

Утаагүй үйлдвэрлэл буюу аялал жуулчлалын салбар Баянхонгор аймагт хөгжих бүрэн боломжтой хэмээн аймгийн шинэ удирдлагууд үзэж байна.

"Өнөөдөр Баянхонгор аймагт Аялал жуулчлалын салбарыг хариуцсан ганцхан мэргэжилтэн байгаа нь БОАЖГ-т харьяалагддаг. Энэ хүний хийж төлөвлөж байгаа ажлын хүрээнд л аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлогдож, хэрэгжиж явж байна гэхэд хилсдэхгүй. Ирээдүйд асар их хэмжээний ашиг олох, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутаг орноо сурталчлах боломжийг таниулах энэ салбарыг хариуцсан бүтэц бий болгох ажил чухал" хэмээн аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлж байна. Тэрээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ч энэ талаар тодорхой тусгаж, дээрх асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тавьснаар ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд бүтцээ бий болгоно гэв. Энэ албаараа дамжуулаад ажлаа эрчимжүүлэх аж.

Ийнхүү Баянхонгор аймагт аялал жуулчлалынхаа маршрутыг танилцуулсан, маркетингийн ажлуудыг эхний жилдээ хийх юм байна. Зэрэгцээд жуулчны баазууд байгуулах, орон нутгийн зүгээс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах, 2018 оноос бий болгосон бааз, сурталчилгааныхаа дүнд жуулчдаа идэвхтэй хүлээж авах үйл ажиллагаа үргэлжлэх гэнэ.

Сонирхуулахад, Тус аймаг 10 жилийн дараа жуулчны тоог 40 мянгад хүргэх зорилт тавьсан байна. Баянхонгор аймгаас элсэн цөл, говь, тал хээр, хангай гэсэн бүслүүрийг үзэж болно. Мөн хүн анх үүсч, амьдарч байсан Баянлигийн Цагаан агуй, Бичигт хад, Бүгийн цав, Гурилын хоолой, говь тал руугаа маш үзэсгэлэнтэй газрууд бий. Тэнд говийн баянбүрдүүд болсон Эхийн гол, Шар хустай гээд Монголд төдийгүй дэлхийд цөөхөн үлдсэн 27 толгой мазаалай амьдарч байна.

                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ