Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2023 оныхоос 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-01-27 17:39:58

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  27 /МОНЦАМЭ/. Уул уурхай, олборлох аж  үйлдвэрийн  салбарын  нийт  үйлдвэрлэл  2024 онд  урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оныхоосоо 1.2  их наяд   төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Ингэж нэмэгдэхэд:

  • чулуун болон хүрэн нүүрс олборлолт 834.7 тэрбум төгрөгөөр,
  • металлын хүдэр олборлолт 509.1 (4.9%) тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.

Уул   уурхай,  олборлох  аж  үйлдвэрийн  салбарт зэсийн  баяжмал металл  агуулгаараа, баяжуулсан нүүрс, чулуун нүүрс, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ 2023 оны мөн үеийнхээс 12.0– 50.6 хувиар нэмэгджээ. Харин мөнгөний баяжмал, газрын тос, цэвэршүүлээгүй алт, хайлуур жоншны  баяжмал  5– 32.5 хувиар буурсан аж.


Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шохой, нүүрсэн шахмал түлш, шингэн сүү, ус, ундаа жүүс, малын мах, цемент,    цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.6 –  15.1 хувиар нэмэгджээ. Харин цэвэр спирт, металл бэлдэц, гурил, янжуур тамхи, ноолууран сүлжмэл  эдлэл, катодын зэс, самнасан  ноолуур зэрэг гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.2 – 46.3хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын  нийт  үйлдвэрлэл  2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн аж.  Ийм хэмжээгээр нэмэгдэхэд:

  • Уул уурхай олборлолт  1.2  их наяд төгрөг,
  • цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 191.2  тэрбум төгрөгөөр нөлөөлсөн аж.

 АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, салбараар, жил бүрийн    эцэст, тэрбум төгрөгөөр


Аж  үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 50.4 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс  3.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд:

  • уул уурхай, олборлолтын  салбарын  борлуулалт   2.7 их  наяд төгрөгөөр,
  • цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбарын  борлуулалт 185.5  тэрбум төгрөгөөр  нөлөөлжээ

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны мөн үеийнхээс 2.7  их наяд төгрөгөөр нэмэгдэхэд, үзүүлсэн нөлөөний хувьд:

  • металлын хүдэр олборлолт 1.8 их наяд төгрөгөөр,  
  • нүүрс олборлолтын салбарын борлуулалт 996.5 тэрбум төгрөгөөр,
  • бусад ашигт малтмал олборлолт 78.6 тэрбум төгрөгөөр,

Гадаад зах зээлд 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 36.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 34.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 60.0 хувийг нүүрс олборлолтын салбар, 35.6 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.3 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.


УУЛ  УУРХАЙ,  ОЛБОРЛОХ  АЖ  ҮЙЛДВЭРИЙН  БОРЛУУЛСАН  БҮТЭЭГДЭХҮҮН, салбараар, сараар, тэрбум төгрөг

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл: Аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд зах зээлд болон өөрийн эцсийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн: Аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ юм гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Холбоотой мэдээ