Л.Дүгэрсүрэн: Монгол хүн морио хайрлаж монгол аргаар хийсэн сур, суран эдлэлийг хэрэглэх нь хамгаас чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-01 12:18:00

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тэс сумын 2-р багийн малчин, яруу найрагч, сийлбэрчин, дархан Л.Дүгэрсүрэнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.


-Та хэдийнээс дарх хийж эхэлсэн бэ?

-Би бага байхдаа өвөг эцгээсээ дархны эрдэм сурсан. Сургуульд ордог жилээ өвөг эцэгтээ хөөрөг дарж тусалдаг байлаа. Ер нь бол тэр цагаас хойш дарх хийх хүсэл сонирхол тээсэн дээ.  

Одоогоор би төмрөөр хутга, шөвөг, морины амгай, дөрөө гэх мэт зүйлийг хийж хэрэглэгчдэд борлуулж байна. Мөн хусаар хурдан морины хусуур шоотог, цацал, ур аяга, жижиг цацалтай хувин, хазаар ногтны өлгүүр гэх мэт зүйлсийг хийдэг. Түүнчлэн үхрийн эврээр хундага, хутганы бариул, хурдан морины хусуур зэрэг зүйлс хийж байгаа. Цаашдаа бүтээлийнхээ нэр төрлийг нэмж иргэдэд хэрэгтэй байгаа зүйлсийг нь хийж өгөхийг зорьж байна.

-Модны ураа хаанаас авдаг вэ? Олдоц элбэг үү?

-Модны ур гэдэг нь хус модны хажууд бөөрлөөд ургачихсан байдаг зүйл. Түүнийг нь салгаж аваад будаг, хар лац түрхээд үлдээхэд модонд ямар ч муу нөлөө байдаггүй. Хайж олоход жаахан хэцүү, ховор. Өөрөө л байгалиас олж авдаг. Ураар бүтээгдэхүүн хийхэд ажиллагаа ихтэй, бараг жилийн ажил болно. Ураа хайж олоод усанд чанана, дараа нь нар тусахгүй газар жил шахам хатаана, тэгээд эд хийхэд бэлэн болдог. Ураар аяга, модон хөөрөг зэргийг хийдэг.

Өнгөрсөн жил "Нүүдэлчин" фестивальд очиход нэг аймгийн музейн ахуйн эдлэл цуглуулдаг залуу миний ур хөөргийг харчихаад их гоё юм байна гээд дурлаад авсан. Ур аягыг хийснийхээ дараа тосонд тавлачихаар 70-80 жилдээ хагсрахгүй, чийг даадаг, эдэлгээ сайтай болдог. Би бүтээлүүдээ химийн ямар нэгэн зүйл оруулахгүй урладаг. Мөн урт хугацаанд цөөн тоогоор хийдэг болохоор захиалгаар голдуу борлуулдаг.

-Хазаарын амгай хийхэд их нарийн технологи байдаг гэж сонссон?

-Монгол морины амгай хийх стандарт үндсэндээ алдагдаж байна. Ялангуяа урд хөршөөс стандарт бус амгай их орж ирж байна. Бидний үе дамжин хийж ирсэн амгай нь ууд буюу цагираг, зажилбар буюу амгай гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Амгайны зөв талыг шилбэ, буруу талыг чөмөг гэдэг. Чөмөг нь шилбэнээсээ богино байна. Шилбэ нь богино тул хэлнийхээ баруун талд очно. Энэчлэн маш нарийн технологиор морины амгайг хийдэг. Буруу матлагатай амгай морины шанаа идэх, хэл хавчих гэх мэт муу талтай. Мөн цэвэр ган, эсвэл зэсээр хийсэн амгай халдаггүй учраас морины ам хатахгүй гэж үздэг. Тийм болохоор би барууны машины амаржинаар амгай хийж байна. Монгол хүн морио хайрладаг тул монгол аргаар хийсэн сур, суран эдлэлийг хэрэглэх нь хамгаас чухал юм.

Би Тэсийн хар суран бугуйл хийдэг байсан. Сүүлийн үед хийж чадахгүй байна. Ажиллагаа маш ихтэй. Хар суран бугуйл хийхэд хамгийн хэрэгтэй зүйл хонины шээг буюу бууц байдаг. Сураа эхлээд зүсэж аваад өвлийн хүйтэнд гадна татаж хөлдөөгөөд үсийг нь хуссаны дараа улаанаар нь гараар элдэж ар суулгаад хонины шээгт булдаг. Хоёр удаа хонины шээгт булж гараар элдэж байж жинхэнэ тэс хар сур болно. Чулуу уяж элддэг арга нь сур суначихдаг учраас бат бөх чанар нь алдагддаг. Технологийн дагуу хийсэн хар сур резинлэг чанартай агшиж сунадаг, тасарч гэмтэх нь бага, хүдэр болдог. Мөн үхрийн ширээр архад хийдэг. Айраг хийдэг том архдаас гадна бэлэг дурсгалын архад мөн хийж байгаа.


-Та шүлэг бичдэг, яруу найрагч хүн. Шинэ ном хэвлүүлсэн гэж сонслоо?

-Би шүлэг бичих дуртай. Анхны ном маань  “Бодлоос урсах аялгуу” нэртэйгээр 2007 онд уншигчдын хүртээл болсон. Тэр цагаас хойш 2024 онд “Салхин хээтэй ай” нэртэй номоо хэвлүүлсэн. Хоёр дахь номоо төрөлх Тэс сумынхаа 100 жилийн ойгоор гаргасан. Уг номд маань 160 гаруй шүлэг, 3 эсээ, 1 хөрөг найруулал, 1 өгүүллэг багтсан. Арын хэдэн хуудсанд өөрийнхөө зохиомжилж хийсэн гар урлалын бүтээгдэхүүний зургийг багтаасан.


-Та ном хэр их уншдаг вэ?

-Уншина. Уран зохиол, түүхийн ном их уншсан. Манай хадам аав болох хүн намайг 6 настай байхад Улаанбаатар яваад ирэхдээ манай нагац аавд Эрийн сайн хан харангуй гэдэг туулийн ном авч ирж өгсөн. Өвлийн цагт нагац аав маань ач, зээ нараар тойруулж суулгаад ном уншиж өгдөг байлаа. Би 6 настайдаа тэр туулийг бүрэн эхээр нь цээжилчихээд Адьша гээд саахалтын хөгшинд уншиж өгөөд атга үзмээр шагнуулж байлаа. Ном уншиж авсан анхны шагнал тэр байлаа. Ер нь тэр цагаас л номд дурласан. Нагац аав тод бичигтэй хүн байсан. Тод бичгээр хэвлэгдсэн "Үлгэрийн далай"-г уншиж өгдөг байлаа. Тэр үед одоогийнх шиг зурагт, гар утас байсангүй. Айл саахалтаараа оройд малаа хотлуулчихаад нагац аавынд орж үлгэр, тууль сонсдог байсан. Тийм болохоор бараг ухаан орсон цагаасаа номтой нөхөрлөсөн хүн дээ.


ТАВАН ЭРДЭНЭ

Тэнгэр бурхнаас заяатай

Таван хөөрхөн дэгдээхэй

Тэрсүүхэн нэгэн хөгжмийн

Таван өөр чавхдас

Алаг дэлхийд ургасан

Амьд таван цэцэг

Алтан нарнаас туссан

Ариун таван цацраг

Болох болохуйд дуудах

Таван зүгийн дуудлага

Бодол сэтгэлийн уяа

Таван цагийн эгшиг

Аяа миний таван үр

Аяа миний таван амь

Амьдралын минь утга учир

Аз жаргалын минь таван эрдэнэ


-Гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр Т.Сувсаа бид хоёр таван сайхан хүүхэдтэй. Манай том хүү Улаангом коллежийг авто засвар ашиглалтаар төгссөн. Эхнэр 4 хүүхэдтэй Улаангомд амьдарч байна. Дараагийн хүү маань Энэтхэг улсын Гомон дацанд 12 дахь жилдээ сурч байна. Гэлэн сахилтай. Дараагийн хүү маань хурдан моринд сонирхолтой морь уяад, аав ээждээ туслаад байж байна. Дараагийн охин Улаанбаатар хотод Шашны дээд сургууль төгсөөд энэ намар Энэтхэг улсын Ани хийдэд суралцахаар явсан. Отгон охин маань Багшийн их сургуулийн хувцас дизайн, уран зургийн 2 дугаар дамжаанд сурч байна. Эхнэр маань цагаан идээ боловсруулдаг. Бид өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг.






-Ярилсанд баярлалаа.

 

.

Холбоотой мэдээ