Ли Лэй Азийн өвлийн наадмын 100 дахь алтан медалийг эх орондоо авчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-09 11:36:56

ХАРБИН, 2025 оны хоёрдугаар сарын 9 /Xinhua/. Хятадын гүйлтийн цанын тамирчин Ли Лэй бямба гарагт эмэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд түрүүлснээр Азийн өвлийн наадмын түүхэн дэх 100 дахь алтан медалийг эх орондоо авчирчээ.


Энэ төрөлд Хятадын тамирчид илт давуу гэдгээ харуулж, дөрвөн тамирчин бүгд финалд шалгарсан байна. Тодруулбал, Ли Лэй гурван минут 25.25 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, багийн анд Мэн Хунлян 3:25.91 минутын амжилтаар удаалсан бол Хятадын өөр нэг тамирчин болох Динигер Иламужян хүрэл медаль хүртжээ.


“Бид дөрөв дөрвүүлээ финалд шалгарна гэж бодоогүй. Хүн бүрийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл үр дүнгээ өглөө. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй аль аль төрөлд алтан медаль хүртсэн нь Хятадын гүйлтийн цанын спортын ирээдүйд итгэх итгэлийг төрүүлж байна” гэж Ли Лэй хэлжээ.


Эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд Хятадын гүйлтийн цанын тамирчин Ван Цян 2:56.19 минутын амжилтаар алтан медаль хүртсэн байна. Түүний араас Японы Харүки Ямашита 2:57.90 минутад барианд орсноор мөнгөн медалийн болзол хангасан бол Казахстаны Константин Борцов хүрэл медаль хүртлээ.


“Миний бие Азийн өвлийн наадмаас анх удаа алтан медаль хүртэж байна. Энэхүү тэмцээнд хамгийн сүүлд найман жилийн өмнө оролцож байсан, ийм боломж олдсонд маш их баяртай байна” гэж Ван Цян сэтгэгдлээ хуваалцжээ. Тэмцээн дөрвөн үе шаттай байсан хэдий ч нас нь огтхон ч саад тотгор болоогүй гэдгийг 31 настай тамирчин онцолсон байна.


Гүйлтийн цанын тэмцээн ням гарагт үргэлжлэх бөгөөд эмэгтэйчүүд 5 км-ийн зайд уралдана. 

Холбоотой мэдээ