ЗАВХАН: Хүүхдүүд хүний хөгжлийн цогцолбортой болох хүсэлтээ УИХ-ын даргад илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-16 11:26:16

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймагт ажиллаж байна.


УИХ-ын дарга Завханы хойд бүсийн сумдын иргэдтэй уулзаж, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлнэ.  Хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2 дугаар сарын 15-ны өдөр Завханы Тэс сумын ахлах ангийн сурагчидтай уулзаж, тэдний дуу хоолойг сонслоо.


Аймаг, сумдын ахлах ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн хэлбэрээр авах болсон нь хамгийн их хүндрэлтэй байгаа талаар хүүхдүүд хэллээ. Салбарын сайдтай хэлэлцсэний үр дүнд уг журмын хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулахаар тогтлоо. Ингэснээр сурагчид суурь мэдлэгээ бататгаж, гүнзгийрэн судлах чиглэлээ төлөвлөх, бэлдэх боломжтой болох юм.


Тэс сумын сурагчид сургуулийнхаа халаалт, анги танхимын хүрэлцээний асуудлаас эхлээд сумын төвийн уурын зуухны утаа, хогийн цэгийн бохирдлыг ч Их хурлын даргад дуулгав. Мөн сумын хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, хүний хөгжлийн цогцолбортой болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  


УИХ-ын дарга, “Орон нутгийн түвшинд шийдвэрлэж болохуйц асуудлуудыг Засаг даргад чиглэл өгч, хог шатаах зуух барьж, эрүүл орчинд амьдрах эрхийг нэн түрүүнд баталгаажуулахад анхаарч ажиллана” гэлээ. УИХ-ын даргаар ахлуулсан баг баруун бүсэд ажиллаж байгаа бөгөөд Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэлмэн суманд үргэлжлүүлэн ажиллана гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ