SWIFT дэх ам.долларын эзлэх хувь өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 20 /Bloomberg/. Төлбөр тооцоо, санхүүгийн мэдээлэл дамжуулах SWIFT системд ам.доллароор хийсэн төлбөр тооцооны эзлэх хувь нэгдүгээр сард 50 хувиас давсан нь 2023 оны дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ.
SWIFT-ээр хийсэн олон улсын мөнгөн гуйвуулгад ам.долларын эзлэх хувь 50.2 хувьд хүрсэн нь SWIFT-ийн шилжүүлгийг бүртгэх системийг 2023 оны дундуур өөрчилснөөс хойш АНУ-ын мөнгөн тэмдэгтийн эзлэх хувь хамгийн ихээр өссөн үзүүлэлт ажээ. Нэг сарын өмнө энэ үзүүлэлт 49.1 хувьтай байв.
Сүүлийн нэг жил хагасын хугацаанд ам.долларын эзлэх хувь дунджаар 48 орчим хувьтай байжээ. Уг үзүүлэлтээр евро (23 хувь), Британийн фунт стерлинг (7.1 хувь) удаалж байна.
2022 онд Оросын банкуудыг салгаснаас хойш SWIFT-ээр олон улсын бүх шилжүүлэг хийгдэхгүй байгааг "Bloomberg" онцолсон байна. "Сүүлийн жилүүдэд барууны мөнгөн тэмдэгтийн ноёрхлыг эсэргүүцэж, долларыг ашиглахгүйгээр, Америкийн санхүүгийн байгууллагуудаар дамжуулахгүйгээр худалдаа хийх арга замыг эрэлхийлж буй улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь барууны орнуудын хатуу хоригт өртсөн Орос улс эдийн засгаа өсгөхөөр эрмэлзэж буйтай зарим талаар холбоотой" гэж тус агентлаг дүгнэжээ.
Үүнд голлох үүргийг БРИКС-ийн орнууд гүйцэтгэж байгаа бөгөөд SWIFT-ийн мэдээлснээр олон улсын шилжүүлэгт Хятадын юанийн эзлэх хувь 3.8 хувь байгаа нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байна. Өнгөрсөн сард Өмнөд Африкийн рандын эзлэх хувь 0.3 байв.