Долоон орны эрдэмтэд бага насны хүүхдийн хөгжил, боловсролын судалгаагаа хуваалцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал манай улсад хоёр дахь жилдээ боллоо.
Хуралд АНУ, ОХУ, Хятад, Филиппин, Индонез, Танзани зэрэг орны бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны мэдлэг чадвараа хуваалцаж байна.
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь XXI зууны суралцагч, альфа үеийн хүүхдийн хөгжлийн онцлог, олон улсын бага насны боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг шинэчилжээ.
Уг хурал СӨБ-ын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, шинэ санаа, туршлагаа хуваалцаж, бодлогын түвшинд шийдэл гаргахад чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал бодлоо хуваалцах, олон улсын түвшинд СӨБ-ын хүртээмж, чанар, арга зүйг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцож эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны үр дүн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан бодлого, аргачлал боловсруулах ач холбогдолтой ажээ. Мөн СӨБ-ын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх суурь нь болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
МУБИС-ийн СӨБ-ын сургуулийн сурган, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч П.Түмэндэмбэрэл ярихдаа, “Эрдэм шинжилгээний хурал нь салбарын бодлого, хүүхэд болон багш нарын хөгжил, мэргэжил дээшлүүлэх зэргийг хамаарч буйгаараа онцлогтой. 2022 оноос олон улсад таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх үнэлгээний шалгуурыг багш, магистрантууд хамтран түүвэр судалгаа хийсэн. Нийгэм, сэтгэл хөдлөлийн асуулгад нийслэл болон орон нутгийн 140 гаруй хүүхэд хамрагдлаа. Бага насны хүүхдийн өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөл, бусдыг ойлгох чадвар нь хот, аймаг, сум, дүүргийн цэцэрлэгт харилцан адилгүй байгаа нь сургалтын хөтөлбөр, багшийн харилцаа, нийгэмших, хэл ярианы чадвар зэргээс шалтгаалж байна” гэв.
АНУ-д төвтэй “One sky” байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн оролцоо чухал байдаг. Энэ оролцоонд тулгуурласан үйл ажиллагааг манайх 2018 оноос хойш хэрэгжүүлж байна. Бага насны хүүхдийн хөгжилд эхний 1000 хоног буюу тархины хөгжил явагддаг. Энэ үед эцэг, эхийн харилцаа, оролцоо маш чухал бөгөөд олон улсын судалгаагаар баталгаажсан” хэмээлээ.
Энэхүү эрдэм, шинжилгээний хурал, сургалтад 100 орчим эрдэмтэн, судлаач, багш нар болон СӨБ-ын байгууллагын төлөөлөл оролцож 30 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлэв.