ӨВӨРХАНГАЙ: Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас дөрвөн хүүхэд нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-22 17:15:37

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2025 оны А/43 дугаар захирамжаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, анхны хурлаа хийлээ.


Энэ үеэр 2024 оны үйл ажиллагааны тайлан болон хүүхэд оролцсон, хохирсон гэмт хэргийн мэдээлэлтэй танилцаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан юм.


2024 онд гэмт хэрэгт холбогдож ял авсан хүүхэд бүртгэгдээгүй ч гэмт хэргийн улмаас дөрвөн хүүхэд нас барж, 20 хүүхэд бэртэл гэмтэл авах, бэлгийн болон үл хайхрах хүчирхийлэлд өртөж, гэрээсээ оргох, насанд хүрээгүй охид жирэмслэх, насанд хүрээгүй хөвгүүд зам тээврийн зөрчил үйлдэх хэрлүүд гарсан байна.


Хүүхэд гэмт хэрэг үйлдэж, хохирч байгаа шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамж сул, хүүхэдтэйгээ ярилцаж, тэдний санаа бодлыг сонсдоггүй, үл хайхардаг, хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, гэр бүлийн тогтворгүй байдал, найз нөхдийн буруу үлгэр дуурайлал зэрэг нөлөөлж байгааг Хорооны гишүүд онцоллоо.


Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, гишүүдээр хууль хяналтын байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд томилогдсон бөгөөд хүүхэд хохирч байгаа шалтгаан нөхцөлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах таван зорилтын хүрээнд 20 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ