ОРХОН: Цагаан тоосны нөлөөллийн бүсийн 1866 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-26 09:50:50

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.


Орхон аймгийн ИТХ-ын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 18/04 дүгээр тогтоолоор Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийг Байгаль орчны хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх болон хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг багасгах, Цагаан тоосны тархалтын бүсэд үзүүлэх, нөлөөллийг бууруулах, арга хэмжээ авах Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулах зорилтуудын хүрээнд 18 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталж байсан.


“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас Хаягдлын аж ахуйд хуурайшилттай талбайг багасгах зорилгоор хаягдал булингаар болон усаар норгох, тусгай зориулалтын техник, төхөөрөмж ашиглан дарагч урвалж цацаж тоосны дэгдэлтийг багасгах, бороожуулах зорилгоор усан хангамжийн систем суурилуулах зэрэг технологийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, Цагаан тоосны дэгдэлтийн тоо, зүг чиг, хэмжээ, үргэлжилсэн цаг хугацаанд тогтмол мониторинг хийж ажиллаж байгаа юм. 2024 онд Хаягдлын аж ахуйд байрлуулсан суурин 2 харуул, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчны лабораторийн хяналтаар 30 удаа цагаан тоос дэгдсэн гэж бүртгэгдсэн бөгөөд агаар, ус, хөрсний чанарын хяналтыг үйлдвэрийн бүс, хаягдлын сан, нөлөөллийн бүсэд хийж, дээж авч хяналт тавьж байна.


Хяналтаар Монгол Улсын агаар, ус, хөрсний бохирдуулагчийн стандартын дээд хэмжээнээс хэтрээгүй үзүүлэлттэй гарсан гэдгийг хөтөлбөрийн тайланд дурдаж байна. Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын захирамжаар цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, үзлэгийг 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 3-ны өдрүүдэд хийж, цагаан тоосны нөлөөллийн бүсийн 1866, нөлөөллийн бус бүсийн 139 иргэн, нийт 2005 иргэнийг хамруулсан байна. 


Зөвлөлийн гишүүдээс жил бүр тогтмол 2500 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахад анхаарах шаардлагатай талаар саналаа илэрхийллээ. Тус хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шинэ хаягдлын санг байгуулах ажил туссан бөгөөд олон улсын томоохон далангуудын стандартад нийцүүлэн барьж байгуулахаар төлөвлөж, Австрали улсын “ATC Williams” Pty Ltd байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг нэмэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Отгон танилцууллаа.


Шинэ хаягдлын санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048 га талбайг бөгөөд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хурааснаар Цагаан тоосны дэгдэлтийг 60-70 хувиар бууруулах боломжтой юм.


Мөн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн тарьж ургуулсан хүнсний ногооны борлуулалтыг дэмжиж 437.3 төгрөгийн худалдан авалтыг хийжээ.


Түүнчлэн нөлөөллийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор цонхонд шүүлтүүр суурилуулах, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ойн зурвас, төгөл байгуулах, хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлыг багийн иргэдийн нийтийн хурал, иргэний нийгмийн байгууллагуудад тайлагнаж ажилласан гэдгийг зөвлөлийн хуралд танилцууллаа.

Холбоотой мэдээ