ЗАВХАН: Сурагчид ихэвчлэн сэтгэл гутралын талаар зөвлөгөө авахаар ханддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-28 13:20:58

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 34.2 хувь нь эмчтэй байна.
2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 74 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудад 21629 суралцагч суралцаж, 1291 багш, 1474 ажилтан, албан хаагч ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулж байна.


Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 13 нь буюу 34.2 хувь нь эмчтэй бол нэг цэцэрлэг эмчтэй байна.


Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 96.5 хувь нь нийгмийн ажилтнаар хангагдсан бол 16.6 хувь нь сэтгэл зүйч, 30 хувь нь хоол зүйчтэй ажиллаж байна.

Сургуулийн эмч нар суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, эрүүл мэндийн зөв дадлыг олгох нөлөөллийн ажлыг хийх үүрэгтэй.


Өнөөдрийн байдлаар эмч нар хүүхдийн эрүүл өсөлт хөгжил, халдварт өвчин, халдварт бус өвчин, донтолт, осол гэмтэл, хүчирхийлэл, сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл ахуйн гар угаах, шүд угаах талаарх зөвлөгөө мэдээллийг хүүхдүүдэд өгч байна.
 
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд сургууль, цэцэрлэгийн эмч болоод эмчийн өрөө нь зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстой ч ихэнх сургууль, цэцэрлэгт энэ нь төдийлөн хангалттай бус байна.


Сургуулийн хүүхдүүдийн дунд чихэрлэг хүнсний зүйлийн буруу хэрэглээ, зөв дадалд хэвшээгүй зэргээс шалтгаалан амны хөндий тэр дундаа шүдний цоорол, гүйлсэн булчирхайн үрэвсэл их байгаа талаар эмч нар ярилаа.


Сургуулийн сэтгэл зүйч нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаас гадна суралцагчийн насны ангилалд тохирсон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ гэж хуульд заасан байдаг. Сургуулийн сэтгэл зүйч нараас хүүхдүүд  донтолт болон сэтгэл гутралын талаар ихэвчлэн зөвлөгөө, сэтгэл зүйн тусламжийг авдаг гэв.

Холбоотой мэдээ