Францын цөмийн тогтоон барих хүчийг ашиглах асуудлыг хэлэлцэнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-06 17:15:03

ПАРИС, 2025 оны гуравдугаар сарын 6 /NHK/. Европ дахь холбоотон орнуудаа хамгаалахын тулд Францын цөмийн тогтоон барих хүчийг ашиглах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ. 


Тэрбээр лхагва гаргийн орой телевизээр үг хэлэхдээ, ОХУ Украинд төдийгүй Европын орнуудад аюул учруулж байна гэж мэдэгдсэн байна. 


Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хооронд ширүүхэн яриа өрнөсний дараа Э.Макрон мэдэгдэл хийжээ. Уг уулзалтын дараа АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасан юм.


"Европ тив дэх манай холбоотнуудыг Францын тогтоон барих хэрэгслийг ашиглан хамгаалах асуудлаар стратегийн хэлэлцүүлгийг хийж эхлэхээр шийдвэрлэлээ" гэж Э.Макрон мэдэгджээ. 


Тэрбээр хэлэхдээ, Францын цөмийн тогтоон барих хэрэгслийг ашиглах боломжийг хэлэлцэх хүсэлтийг Германы дараагийн Канцлер болох магадлалтай Фридрих Мерц тавьсан гэв. Гэхдээ Францын цөмийн зэвсгийг ашиглах шийдвэрийг Францын Ерөнхийлөгч гаргана гэдгийг тэрбээр онцолжээ.


Э.Макрон цааш хэлэхдээ "АНУ Европын талд зогсоно гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна" гээд, гэхдээ "хэрэв тийм биш бол Европын орнууд бэлтгэлтэй байх ёстой" гэв. Европын орнууд өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгт хүчнээ бэхжүүлэх шаардлагатай гэдгийг тэрбээр онцлон хэлжээ. Мөн Украиныг үргэлжлүүлэн дэмжих ёстой гэж мэдэгдсэн байна. 


Түүнчлэн Европын цэргийн штабын дарга нар ирэх долоо хоногт Парист уулзаж, гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Украинд Европын энхийг сахиулах хүчнийг байрлуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Францын Ерөнхийлөгч дурдлаа.



Холбоотой мэдээ