Дүүжин тээврийн угсралтын ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
Төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн авчээ. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур баганыг ирэх дөрөвдүгээр сард хүлээн авах юм. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлэв. Энэхүү чиглэлд дүүжин тээвэр үйлчилгээнд явж эхэлснээр оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км/цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөсөн байна. Угсралт хийснээс хойш зургаан сарын турш зорчигч суулгалгүй туршилтаар тээвэрлэх аж. Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна.
Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа ярихдаа, “Өнөөдрөөс дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана байрлуулалтын ажил эхэлж байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулах юм. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараа металл хийцийн ажил эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажлыг энэ оны 12 дугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна” гэв.
Харин “Моннис инженеринг” компанийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр, “Барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуурууд нь Францаас тавдугаар сар гэхэд тээвэрлэж дуусна. Өрөмдлөгийг 15-20 метр гүн хийж, 6-9 метр бетон суурийг цутгана. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барина. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Франц улсын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг аван ажиллаж байна” хэмээн ярилаа.