Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хэлэлцээр байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-03-12 10:10:57

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улс Франц Улсын Парис хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төв байранд “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” /CRS MCAA/ болон “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” /CbCR MCAA/-ийг энэ сарын 6-нд байгууллаа.


Энэ нь олон улсын татварын стандартыг хэрэгжүүлэх, шударга татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хийж буй чухал алхам юм.

“Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” нь татвар төлөлтөөс зайлсхийхыг таслан зогсоох, татварын ил тод байдлыг нэмэх зорилготой. Хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улс бусад улс оронтой банкны данс, санхүүгийн хөрөнгийн талаарх мэдээллийг солилцох бүрэн боломжтой болж байна.


“Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” нь үндэстэн дамнасан корпорацууд нь үйл ажиллагаа явуулж буй улс бүртээ татварын тайлан гаргаж, татварын байгууллага хооронд харилцан тайлан солилцох боломж олгодог. Энэ хэлэлцээрийн зорилго нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан группийн үйл ажиллагааг ил тод байлгах, тэдгээрийг татвараас зайлсхийхээс сэргийлэх юм.


Монгол Улсын Засгийн газар олон улсын татварын шинэлэг зарчмыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2018 онд Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Глобал форум /Global Forum on Transparency and Exchange of Information for Tax Purposes/ болон BEPS хөтөлбөр /Inclusive Framework on BEPS/-ийн гишүүн болсон билээ.


Дээрх хэлэлцээрүүдэд гарын үсэг зурснаар Монгол Улс олон улсын татварын стандартын хүрээнд татварын зорилгоор харилцан мэдээлэл солилцох, татварын орлогоо хамгаалах, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр томоохон амжилт гаргаж байгааг Татварын Ерөнхий газраас мэдээлэв.






Холбоотой мэдээ