Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг "Райзина-яриа хэлэлцээ"-нд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-18 17:03:20

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 17-19-нд болж буй 10 дахь удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

 

"Ард иргэд, Энх тайван, Эх дэлхий” сэдвийн хүрээнд болж буй энэхүү яриа хэлэлцээнд 125 орны Засгийн газрын гишүүн, төр, засгийн тэргүүн асан, бизнес, технологийн манлайлагчид, олон улс, аюулгүй байдал, стратеги судлаач, эрдэмтний 4000 орчим төлөөлөл оролцож байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэхүү яриа хэлэлцээний хүрээнд Энэтхэг, Швед, Филиппин, Испани, Перу зэрэг улсын ГХЯ-ны удирдах албан тушаалтантай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. 

 

БНЭУ-ын Засгийн газар, “Ажиглалт, судалгааны сан” хамтран 2016 оноос зохион байгуулж буй “Райзина-яриа хэлэлцээ” нь олон улсын нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг тавцан юм. Манай улс энэхүү яриа хэлэлцээнд ГХЯ-ны удирдах албан тушаалтны түвшинд тогтмол оролцож ирсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.




Холбоотой мэдээ