900 гаруй айл өрх стандартад нийцсэн дулааны эрчим хүчээр хангагдав

ОРОН НУТАГТ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:35:07

 Увс аймгийн Улаангом хотноо 12.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр өнгөрсөн жил шинэ Дулааны станц барьснаар аймгийн төвийнхөн өвлийн хүйтэнд даарахын зовлонгүй болж, хотын доорх шугам, сүлжээ хөлдүүс болох шахсан үе түүх болон үлдлээ.

 Дулааны Хоёрдугаар станц ашиглалтад орсноор 21 аж ахуйн нэгж, 900 гаруй айл өрх стандартад нийцсэн дулааны эрчим хүчээр хангагдан, иргэдийн сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдэж, 60 гаруй ажлын байр бий болсон билээ. Мөн Дулааны Хоёрдугаар станц  энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангаж байна. Тэрчлэн сумын төвүүдийн хэрэглэгчдийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Дэвшил-Увс” компани өөрийн хөрөнгөөр Бөхмөрөн сумын төсөвт байгууллагуудыг төвлөрсөн дулаанд холбосон бол одоо Баруунтуруун, Зүүнхангай, Давст сумдын төсөвт байгууллагуудыг мөн төвлөрсөн дулаанд холбохоор ажиллаж байна.
   Үүнээс гадна аймгийн төвийн хэрэглэгчдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс “Цэвэр усны 2-р станц”-ыг ашиглалтад оруулаад байна.


Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд