Ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-28 16:23:03

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.


ОУСК-аас хэрэгжүүлэх энэ судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Судалгааны хүрээнд ОУСК-ийн эдийн засагч Хавиер Гомез, Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, үндэсний зөвлөх С.Вандандорж нар ХХААХҮЯ-нд ажиллаж, ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлогын чиглэлийн талаар мэдээлэл авсан юм.


Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.


Манай улсын ноолуурын үйлдвэрлэлийн хэмжээг 8500 тонн гэх статистик байдаг. Монгол ноолуур чанараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд шалтгааныг нь нарийн ширхэгтэй, элдэв хольцгүй, маш зөөлөн, удаан эдлэх, уян хатан чанартай, байгальд бэлчээрлэдэг тул химийн бодисгүй органик бүтээгдэхүүн болдог юм. 





Холбоотой мэдээ