У.Хүрэлсүх: Энэ жил хатуухан өвөл болох нь төсөөлөгдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-15 14:11:26

Төрийн ордонд өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаас хэд хэдэн үүрэг чиглэл гарсан. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсэхээс зарим зүйлийг тодруулав.

-Олон жилийн дунджаар хүйтрэх төлөвтэй байгаа энэ өвлийг даван туулах бэлтгэл хангагдсан гэж үзэж байна уу?

-Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 87-90 хувь хангасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ өвлийг өнтэй давах боломж бололцоог өөрсдийн нөөц боломж, хөрөнгөөр базаасан. Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 96 хувьд хүрсэн. Өнөөдөр Улсын комисс хуралдаж, бэлтгэл байдлаа шалгаж нягталж үзлээ. ХХААХҮЯ, ЗТХЯ, ЭМЯ, БСШУЯ, БТЯ, Эрчим хүчний яам болон Улаанбаатар хотын онцгой комиссын албадын үйл ажиллагаа өвөлд хэрхэн бэлтгэгдсэнийг өнөөдөр зориуд урьдчилсан байдлаар сонсож, цаашид анхаарах зүйлсээ ярьж, үүрэг чиглэл өглөө. 

-Цаг уурын байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байгааг мэдээлсэн. Энэ үед хэрхэн ажиллах чиглэл гаргав?

-Энэ сарын 18-наас эхлээд хүйтний эрч чангарч, дийлэнх нутгаар цас орж, цасан шуурга тавин, ойрын өдрүүдэд байдал хүндэрч магадгүй гэсэн урьдчилсан мэдээг ЦУОШХ-ийн дарга өгсөн. Тиймээс өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдад Улсын онцгой комиссын дарга буюу Шадар сайдын тушаалаар Ажлын бүлгүүдийг томилсон. Энэ бүлэг аймгуудад очиж, газар дээр нь ажиллана. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, дутагдаж байгаа ажлыг тодорхойлон үүрэг даалгавар өгч, шаардлагатай тохиолдолд мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөх юм. 

-Цаснаас шалтгаалж зам, даваа хаагдах нь ихсэж байна. Замын нөхцөл байдал сайжруулахад ямар арга хэмжээ авах вэ?

-Өвөл эхэлж, цас ихээр орж байна. Үүнээс шалтгаалж маш олон зам даваа хаагдсан. Сүүлд орсон цаснаар ОБЕГ-т үүрэг өгч, улсын чанартай автозамуудыг шөнийн 23.00 цагаас өглөө 10.00 цаг хүртэл хаасан. Энэ хооронд замын цасыг цэвэрлүүлсэн, одоогоор харьцангуй гайгүй болсон. Гэхдээ хальтиргаа гулгаа их байна. Тиймээс ЗТХЯ-нд цасанд боогддог, улсын болон орон нутгийн зам, давааг байнгын нээлттэй, бэлэн байдалд  байлгах, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх ажлыг цаг тухайд нь холбогдох мэргэжлийн байгууллагууд, АЗЗА-ын компаниуд, аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах чиглэлийг өгсөн. Мөн цас ихээр орж, хүчтэй цасан шуурга шуурснаас замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн байгаа.

-Өвөлжилтийн бэлтгэл хангахад саад болж буй хүчин зүйлс юу байна вэ?

-Одоогийн байдлаар хүндэрсэн, хяналтаас гарсан зүйл алга. Гэхдээ бид цаашдаа хэрэв байдал хүндэрвэл хэрхэн яаж ажиллахаа тодотгож, өнөөдөр хуралдсан. Урьдчилж бэлтгэлээ базааж байна. 

-Цочир хүйтрэх үед сургууль, цэцэрлэгийг хэрхэн зохицуулах вэ?

-Улсын онцгой комиссоос БСШУСЯ-нд үүрэг өгсөн. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны халаалт дулаан, хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар чиглэл чиглэлд нь үүрэг өгсөн. Мөн бага насны хүүхдүүд болон иргэдийг ханиад, томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж, амьдарч буй айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж,удирдлага зохион байгуулалтаар хангах чиглэлийг ЭМЯ-нд өглөө.  

-Хатуу өвлийг даван туулахад иргэдийн зүгээс ямар бэлтгэл ажил шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Энэ жил хатуухан өвөл болох нь төсөөлөгдөж байна. Ойрын 10 жилд болж байгаагүй хүйтэн өвөл болох талаар мэдээлж байгаа. Дээр нь монголчууд бидний ярьдагчлан “мичин жил”-ийн төгсгөл тохиож байна. Тиймээс бүх аж ахуйн нэгж, бүх шатны удирдлагууд, ард иргэд, малчид, айл өрх бүр өвлийнхөө бэлэн байдлыг базаах ёстой. Төр засаг ажлаа хийхийн зэрэгцээ ажил хариуцаж байгаа бүх шатны албан тушаалтан өвлийн бэлтгэлийн хангах ёстой. Малчид, ард иргэд та бүхэн ч хариуцлагатай хандах шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Одоогийн байдлаар зарим нутагт шөнөдөө 25-30 хэм хүйтэрч байгаа. Цаашдаа хүйтний эрч чангарах учир малчид бэлэн байдалд шилжиж, өвс тэжээлээ бэлтгэн, хашаа саравчаа янзлахыг сануулж байна. 

-Сая онцгой комиссын хурлаар малын гоц халдварт орчны асуудлаар ярилцсан. Энэ хүрээнд ямар чиглэл гаргасан бэ?

-Сүүлийн хоёр жил дараалан мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчинтэй тэмцэж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байна. Иймээс хонины цэцэг өвчинтэй тэмцэх ажлын менежментийг өөрчлөх шаардлагатай байгаа юм. ХХААХҮЯ-нд өгсөн чиглэлд малын масс вакцинжуулалтыг зохион байгуулах, цэцэг өвчний голомт Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймагт шинээр бий болж, хуучин голомт дахин дэгдэж байгаатай холбогдуулан аймаг, сумдын Засаг дарга, мал эмнэлэгтэй хамтран гарал үүслийн бичиг олголт, малчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулах, малын хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгийн малчдын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болгох талаар аймаг, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах үүрэг өглөө. Үүнээс гадна малчид байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас эд хөрөнгө, мал сүргээ олноор нь алдаж, улмаар нөхөн төлбөр авч чадахгүй байгаа тул даатгуулах ажлыг эрчимтэй сурталчлах чиглэл өгсөн.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Холбоотой мэдээ