Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэхүү томилгооны асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь томилгооны хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж дараагийн хүнийг томилох болсон байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цэцийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай гэдгээ илэрхийлээд ажлын туршлагын хувьд хангалттай тул дэмжиж байна гэсэн юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шударга үнэний төлөө ажиллаарай гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Цэцийн оронтоо 8 байгаад байх шиг байна. Орон тоог нь 9 болгож бүрэн бүрэлдэхүүнээрээ нь ажиллуулах хэрэгтэй" гэсэн саналтай байгаагаа хэллээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 96 хувь нь дэмжив. Мөн үеэр П.Очирбатыг цэцийн гишүүнээс чөлөөллөө.
Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан нэгэн юм.
Б.Туул