Монголын театрын Брехт
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Найруулагч Б.Баатарын “Монгол ардын суут” жүжгийг Б.Брехтийн онолоор шинжлэх нь
Театрын гүн ухаанч Б.Баатар агсны дурсгалд
Түлхүүр үг: Экспрессионизм, бэлгэдэл, туульсын (epic) театр, “хүнийсэх” зарчим (verfremdung), үзэгчийн дүр, уламжлалт бус арга барил, логик бус шийдэл, тусгаар үзэгдэл
“1988 онд найруулж тавьсан “Галилейн амьдрал” жүжиг гарсанаар
манай театрыг алхам урагш нь тавьж, оюунлаг сэтгэлгээ рүү хөтөлсөн.
Үүнд хүрэхийн тулд Брехтийн театрын онол, арга зүй хэрэг болсон юм.
Сэтгэлгээний жүжиг тавих, нийгэмд гүн ухааны талаас уйтгартай ч хамаагүй
ямар нэгэн дүгнэлт үлдээсэй гэж хүссэн учраас хийсэн юм”
Б.Мөнхдорж "Б.Брехт “Галилейн амьдрал” жүжгийн монгол найруулгын онцлог”
илтгэлээс
Оршил
2016 онд Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн гурван ч тайзны бүтээл гарсан билээ. Эдгээрээс онцгойлон анхаарууштай нь буюу Д.Нацагдоржийн тухай уран бүтээл болж чадсан нь “Монгол ардын суут” жүжиг байв. УДЭТ маань ойрхи жилүүдэд бүтээлийнхээ арилжааны хэлбэрт анхаарлаа хэт хандуулж, шоуны гэлтэй жүжгүүдэд “хэвийх” болсон билээ. Энэ үед үнэхээрийн цолгорон гарч ирсэн энэхүү бүтээлийн тухай нухацтай шинжлэн өгүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх нэн шаардлагатай гэж үзэж байна. Ердөө долоохон дүр, дөрвөн бэсрэг үзэгдлээс бүрдэх энэ жүжгийн тайз ч ганцхан модон тэрэгнээс бүрдэнэ. Арт чиглэлийн киноны хэлийг санагдуулах өгүүлэмж, найруулгатай эл жүжигт сэтгэл зүйн триллер, далд бэлгэдэл, нөхцөлт өгүүлэмж, абсурд төрлийн элементүүд ч элбэг. Тиймээс найруулагч Б.Баатарын энэхүү содон бүтээлийн хэлийг бид Германы нэрт найруулагч, зохиолч, сэтгэгч Б.Брехтийн театрын урлагийн шинэлэг онол, арга зүйгээр задлахыг зорьлоо.
ҮНДСЭН ХЭСЭГ
Б.Брехтийн шинэчлэл, цаг үе, экспрессионизм
XX зууны эхэнд ид бүтээн туурвиж асан Б.Брехтийн тайзны урлагт үзүүлсэн шинэчлэлийг уран зохиолд Ж.Жойс, кино урлагт С.Эйзенштейн, уран зурагт П.Пикассогийн үзүүлсэн нөлөөтэй эн зэрэгцүүлэн авч үзэх нь бий. Жүжгийн зохиолч, найруулагч, онолч, сэтгэгч гээд ерөөс драматург хэмээгдэх хүнийхээ хувьд түүн шиг дэлхий дахинд далайцтай нөлөө тусгалаа үлдээж чадсан хүн ховор. Түүнчлэн “Брехтэрхүү” гэдэг үг нь соёлын үгсийн сангийн нэгэн хэсэг, жүжиг тавих нэгэн аргаас гадна илэрхийллийн хэлбэр, үзэл бодлын ялгаа, дэлхий ертөнцийг үзэх өвөрмөц өнцөг” болж тодорхойлогдсоор өдгөөг хүрчээ.
Б.Брехтийн өсөн өндийж, урлан бүтээж асан он цаг дэлхийн I, II дайны үетэй давхацдаг. Хүн төрөлхтөний оюун санаанд айдас түгшүүр ноёлож, түгээмэл итгэл үнэмшлээ алдан, амьдралын сайн сайханд илтэд хямралтайгаар хандах, ирээдүйд итгэх хүсэл нугарамтгай болж иржээ. Гэв чиг эсрэгээрээ хувь хүн бүрийн бие даасан бодол үнэмшлийг сэрээж өгсөн байна. Энэ нь урлагийн салбар, ялангуяа уран зурагт эн тэргүүнд мэдрэмтгий тусч, урлагийг илэрхийлэх шинэлэг хэл, хэлбэрийн эрэлхийлэлд гарсан байдаг.
Илэрхийлэл гэсэн латин хэлний үгээс гаралтай нэр томъёогоор нэрийдсэн экспрессонизм хэмээх урсгал өрнө дахины зарим орнуудын (Герман, Австри) урлагт үүсэн дэлгэрчээ. Гол хандлага нь “ертөнц дээрх дарамтад орсон хүмүүсийн тухай үзүүлэхийг зорихдоо дүрсийн хэлбэр, харьцааг гажуудуулах, хашгирсан өнгөөр тоглох, зохицолгүй өнгүүдийг нэгтгэх, ерөнхийлөн тоймлох, орон зай болон гэрэл сүүдрээс татгалзан хавтгай дүрслэх зэрэг уран сайхны аргыг нийтлэг ашиглаж байлаа. Түүнчлэн зургийн хавтгай дээр будгуудыг маш ширүүн догшин, хайш яйш түрхсэн мэт зурдагаас хатуу арзгар гадаргуу үүсдэг байна”.
Туульсын (epic) театр, экспрессионизм, Д.Нацагдорж
Б.Брехтийн уран бүтээлд, ялангуяа туульсын театрын системээ боловсруулахад нь экспрессионизм онцгой нөлөөлсөн нь мэдэгддэг бөгөөд анхны жүжгийнхээ гол дүрийг экспрессионист зураачаар сонгосон байх жишээтэй. Энэ тухайд Л.Н.Смирнова нарын “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номд: “Германы театрт XX зууны 10-40 онд сүрхий ахиц гарсан... Энэ бүхнийг дагаад тайзны урлагийн хөгжилд уран сайхны экспрессионизмын чиглэл орж ирсэн. Мөн энэ үед жүжиг урлахуйн ухаанд Б.Брехт эргэлт хийсэн гэж хэлж болно. Германы тайзны урлаг олон жилийн унтаа байдлаасаа гарч олон түмний санаа бодол, сэтгэлийн түгшээг илэрхийлэгч болсон билээ... Экспрессионист жүжгийг "хашгараа жүжиг" гэж нэрийдэх болсон. Эл жүжигт “аяархан” ярина гэсэн ойлголт байгаагүй. Ер нь бүх юм “хүчилсэн”, үйл явдал нь ч амьдралд баймгүй, баатруудын дүр, ааш араншин, хэл яриа бүгд хэвийн биш болохоор ингэж нэрлэх болсон хэрэг” гэжээ.
Энд нэгэн сонирхолтой баримт дурьдахад өгүүлэн буй “Монгол ардын суут” жүжгийн гол баатар зохиолч Д.Нацагдорж маань Германд дээр өгүүлсэн цаг үед суралцаж таарсан байдаг. Д.Нацагдоржийн уран бүтээл, онцлон “Харанхуй хад” өгүүллэгийг нь судлаач Ч.Болдбаатар, Э.Тогтуун нар шинжлэн үзээд: “Түүнийг сурч байх үед “Гүүр” (Die Bruche)”, “Хөх морьтон” (Der Blaue Reiter) гэхчилэн зураачдын бүлэглэл ид гаарч умард Европыг дагуулсан төдийгүй утга зохиолын хэл хэллэгийг цоо сэргэгээр өөрчилж шуугиан тариад байсан. Тодруулж хэлбэл, Мункийн зураг үе үеийн олон үзэгч, зураач зохиолчдод экспрессионизмыг тунхаглан ойлгуулах гол төлөөлөл нь болоод байсан тэр эрин үетэй давхцаж байв. Мункийн “Хашгираан”, Нацагдоржийн “Харанхуй хад” гэсэн бүтээлийн аль алинд аюумшигийг зөгнөн сэрэх, биелээгүй өнийн мөрөөдөл хоёрын зөрчил яах аргагүй бий гэдгийг хэлэхэд илүүдэхгүй” гэсэн байна.
Цаашлаад зохиолд бичвэрийн нарийн судалгаа хийн мөшгөж үзээд, “Харанхуй хад’ бол тэмдэг (илэрхийлэл), зөн (түлхэц) төдийгүй субьектын тааламжтай бус сэтгэлзүйн харьцаанд тохирсон өөр өөр тохиолдол. Тэгэхдээ илэрхийлэгдэх төсөө ба шинжийн (болзолт) аль алинд буй тусгаар тусгаар сэтгэцлиг үзэгдлүүд гэдгийг хэлэх нь зүйтэй байх” гэжээ.
Б.Баатар, Б.Брехт, Монгол ардын суут
Дээр дурдагдан буй “өөр өөр тохиолдол”, “тусгаар, тусгаар сэтгэцлиг үзэгдлүүд” хэмээх санаа Б.Брехтийн туульсын театрын онолын гол аргачлал болох үзэгдэл бүр өөрийн дүр зурагтай (Each scene for itself), заавал дараалалтай байх албагүй гэсэн үзэл, зарчмыг яв цав баталж байх юм. Мөн профессор Д.Галбаатар “Харанхуй хад” зохиолыг бэлгэдэлт аргаар бүтсэн гэж үзэхийн сацуу “эрдэмтдийн олж тогтоосон эл зохиолын "далд утга" (өгүүлэмж) нь бэлгэдлийг өргөн ашигласан төдий бус харин бэлгэдлийн бүхэл бүтэн тогтолцоог буй болгож чадсанаар тайлагдаж байна” гэж тодотгосон нь бидний өгүүлэн буй санаатай мөн утгын шижим нийлэх шиг санагдана.
Ямартай ч энэ бүгдээс Б.Брехтийн театрын цогц систем, Д.Нацагдоржийн уран бүтээлийн гоц өөрчлөлт, экспрессионизм гурав үзэл санаа, чиг хандлагын хувьд холбогдож буй нь мэдрэгдэнэ. Тэгтэл найруулагч Б.Баатар Д.Нацагдоржийн тухайх “Монгол ардын суут” жүжигтээ дээрх онцлогуудыг бүрнээ шингээн бэлгэдлийн цогцолбор гэлтэй дэглэн бүтээсэн байх нь бүр ч анхаарал татна.
Д.Нацагдорж, Р.Чойном, Сүүлчийн өдөр
Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Р.Чойномын 1977 онд бичсэн “Последный день” буюу “Сүүлчийн өдөр” хэмээх өгүүллэг бий. Зохиолч Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн өдрийн үйл явдлыг өгүүлнэ. Уг баримтат өгүүллэг Р.Чойном судлалд шинэ орон зайг нээхээс гадна Д.Нацагдорж судлалд ч сонирхолтой мэдээ баримтыг нэмэрлэхүйц харагдаж байгаа юм. Ерөнхий агуулгын хувьд намтар, уран бүтээлийг нь судалсан эрдэмтдийн бүтээлд дурьдагддаг мэдээ баримтуудаас онцын зөрүүтэй бичигдсэн зүйл үгүй ч уран сайхны сонирхолтой зохиомж, түүхэн баримтын боловсруулалт, далд өгүүлэмж, эх дүрийг амилуулсан дүрийн сэтгэл зүйн шинэтгэл бичлэгээрээ өвөрмөц туурвил.
Зөвхөн Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн өдрийг сонгон авч, өгүүлэмжээ зохиомжлон, түүхэн баримт хийгээд зохиогчийн хувийн бодол эргэцүүлэл шингэсэн баримтуудыг эмхлэнэ гэдэг нь өөрөө баримтат уран зохиолын бүтэц, хэлбэрийг илэрхийлж байгаа юм. Хэл найруулгын хувьд зохиогчийн буюу өгүүлэгч би баатрын сэтгэлийн дотоод “бясалгал”, эргэцүүлэл ихээр илэрсэн нь цэвэр уран сайхны зохиолоос дутахааргүй уянгын аястай болгож өгсөн байдаг.
Ина болон Буянжаргалын дүр. Р.Чойном зохиолдоо Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн өдрийн тухай өгүүлэхдээ яагаад өөрт нь сайн бүсгүйн дүрийг оруулан зохиомжлов гэдэг сонирхолтой. “Харанхуй хад” өгүүлэгт:
Харанхуй хадны дунд халшралтай бөгөөд аюултай
Харин түүнийг байдлыг хасын охин сонирхоно
Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаана гэсэн далд утгат хосолмол дүрслэл (Ина, яруу найруулга) байдаг бол “Сүүлчийн өдөр” өгүүллэгт:
“Олны хэл яриа, доог тохуу гэдэг, ямар ч аюулаас, тэр ч байтугай үхлээс ч аюултай байдаг”
“Хүн төрөлхтний үзэл санаа хөгжин дэвшин байгаа нь үнэн боловч, аль үед аж төрж байгаа байгаа хүн, тэр үеийнхээ горимонд байхаас аргагүй”
“Хэдий тийм болов, энэ хүүхний дууг сонсоход сэтгэлд бяцхан гэгээг орж, зүсийг үзэхэд нүд онгойх мэт билээ” хэмээн (харанхуй хадны халшралтай байдлыг сонирхогч охин) байх ахул (үхлээс ч аюултай олны хэл амыг үл тоох бүсгүй), (идэр охины үзэсгэлэн нь яруу найруулга адил “булаах”) ахул (бүсгүйн дууг сонсоход сэтгэлд гэгээ орон, нүд “онгойх”) зэргээр зориудын гэмээр уялдуулсан ур хийцийн сэжүүр, шижим танигдана. Энд мөн “булаах”, “онгойх” гэх үгсийн цаана маш нарийн далд санаа явааг анзаарууштай юм. Яагаад гэвээс өгүүллэгийн төгсгөлд нас барсан Нацагдоржийг Буянжаргал хараад, “Гайхамшигт сайхан хүн энд осолдон халиад, ганц бүсгүй дэргэд нь хүн чулуу мэт хөшин зогсож байхад, тэнгэрийн тунгалаг наран ажиг ч үгүй мандаж, хүн зоны аж амьдрал өчүүхэн ч цочрохгүй үргэлжлсээр байлаа”... “Би ч их юм бодож явсан юм даа. Энэ хүн, намайг олж харсангүй, хогийн поошгийг урьтаж тэвэрч дээ” гэж хэлдэг.
Түүнчлэн зохиолд буй үхлийг бэлгэдсэн зүүдний ёр дүрслэлийг чухалчлан тайлах шаардлагатай. Магадгүй энэ өгүүллэг дэх Д.Нацагдоржийн өчил, монологуудыг уншиж байхад Р.Чойномын өөрийн амьдралын намтар, замнал, бодол ухаарал, бүтээл туурвилын үзэл санаатай төстэй үгс дуулдаж байсан. Р.Чойномын амьдралын чухал мөчлөгүүдтэй энэ зохиолын өгүүлэмжийг мөн давхар харьцуулан судалж үзэх шаардлагатай санагдаж байгаа юм.
Харин Ц.Хулан зохиолчийн бичсэн “Монгол ардын суут” жүжиг ерөнхий бүтэц, зохиомж, өгүүлэмжийн хувьд дээрх өгүүллэгтэй тун төстэй хэв шинжийг хадгалжээ. Бүтээлчээр ашигласан юм болов уу ч гэж таамаглахаар... Зүүдний далд утгат дүрслэл, морин тэрэгчин өвгөн, өөрт нь сайн бүсгүй, үхлийг зөгнөсөн ёр бэлгэдлүүд зэрэг нь давхацсан төдийгүй Д.Нацагдорж амьдралаа эргэн цэгнэхдээ өөртөө л бурууг өгч эх орон, нам хоёр чинь өөр зүйл гэсэн бодол гаргалгааг хүртэл өөриймшүүлэн авчээ. Мэдээж нэмж баяжуулсан зүйл төдий чинээ байсан билээ.

ДЭД ХЭСЭГ
Жүжигчиний арга ажиллагаа, үзэгчдийн хүлээн авалт, дүрслэлийн хэл, туульсын хүүрнэх өгүүлэмжийн уран сайхныг театрын найруулгын онолтой хосуулах гээд шинэлэг олон аргачлалыг дэвшүүлэн системийн хэмжээнд хөгжүүлж чадсан Б.Брехтийн театрын онолын онцлогийг уламжлалт хэв шинжийн театрын түгээмэл зарчмуудтай доорх байдлаар харьцуулан үздэг.
Уламжлалт театр I Туульсын театр
Утга санаанд анхаардаг (plot) I Хүүрнэлд анхаардаг (narrative)
Үзэгчид тайзны нөхцөлд оршдог (Implicates the spectator in a stage situation) I Үзэгчийг ажиглагч болгон эргүүлдэг(Turns the spectator into an observer but)
Үзэгчид үйл явдалд оролцон дагадаг (The spectator is involved in something) I Ямарваа зүйлстэй нүүр тулсаар байдаг(He is made to face something)
Уран сайхны мэдрэмж хадгалагддаг (Instinctive feelings are preserved) I Тайлагдах эцсийн мөч хүртэл өгүүлдэг (Brought to the point of recognition)
Шугаман хөгжил (Linear development) I Эргэлдсэн шугамтай (in curves)
Нэгдмэл дүр зураг(One scene makes another) I Үзэгдэл бүр өөрийн дүр зурагтай (Each scene for itself)
Учир шалтгаант хөгжил(Evolutionary determinism) I Үсрэлт(Jumps)
Мэдрэмж (Feeling) I Шалтгаан(Reason)
Б.Баатарын найруулгад илэрч буй Б.Брехтийн онол, туршлагууд
1. Логик бус буюу эс дуурайсан шийдэл
Жүжиг эхлэхэд модон тэргийг гэдрэг харуулан байршуулж, 1930-аад оны нацист террор, улаан террорын хөгжим нүргэлэхэд төмөр, хаймран дугуйнууд эцэсгүй мэт галзууран эргэх нь цаанаа л нэг цөвүүн цагийн тухай үзэгчидтэй ярьж буй өвөрмөц “хэл”, өвөрмөц ритмтэй шийдэл даруй мэдрэгдэнэ.
Найруулагч Б.Баатарын энэхүү илэрхийллийн “гоёмсог” хэрнээ хачин жигтэй илэрхийлэл, хэм хэмнэлийн онцлог Б.Брехтийн онолтой хэрхэн авцалдаж буйг профессор Н.Ганхуягийн тайлбарыг дуудан ярихыг хүслээ. Тэрбээр, “Брехт хэлэхдээ "миний систем Станиславскийн системээс онц өөр юм байхгүй. Станиславский реалист (бодит) нөхцөл, дүр, дүрслэлийг шаарддаг бол минийх условность (болзолт) дүрслэлээрээ өөр юм" хэмээсэн байдаг. "Иймд бид ритм, хэмнэл, үнэн амьдралын ритмийг тоглох хэрэгтэй" гэж зөвлөжээ. Үнэн амьдралыг тоглох хэрэггүй гээгүй, үнэн амьдралын хэмнэлийг тоглох хэрэгтэй гэсэн юм” гэж маш тодорхой тайлбарлан хэлжээ.
Үнэхээр л энэ жүжиг бол тэр чигтээ хэм хэмнэл, тэр чигтээ жинхэнэ театр байж чадсан юм. Улмаар модон дугуй ганцаар аажим эргэхэд жүжигчин Ц.Цэрэндоржийн амилуулсан бидний танил Д.Нацагдоржийн дүр тайзнаа дөлгөөхөн алхасаар үзэгчид рүү харан хөрөг зураг мэт зогсоно.
2. Бэлгэдэлт илэрхийлэл
Энэ тал дээр гэрлийн найруулга (Х.Камесхан), хөгжмийн найруулга (Т.Сэр-Од, Э.Базарханд), тайзны зургийн найруулга (В.Энх-Амгалан, Б.Бямбацэрэн, С.Энх-Од) гээд цөм уялдан нэгдэж чаджээ.
Модон тэрэг гэмээнэ дөрвөн өөр дугуйтай бөгөөд нэг нь л дотно мэдрэмж төрүүлэх модон дугуй байх. Нийтдээ жүжгийн турш модон дугуй болон Д.Нацагдоржийн хоршил дүрслэл таван удаа гардаг (Модон дугуй тэврэн хэвтэх Д.Нацагдорж, Модон дугуй эргэхэд гарч ирэх Д.Нацагдорж, Согтон унахад толгой тушаах модон тэрэг, Модон дугуйны дэргэд зохиолоо бичих Д.Нацагдорж, Модон тэрэгний дугуй тэврэн үхэх Д.Нацагдорж).
Тайзны шийдэлд ахуй орчныг дүрслэхээс гадна гүн агуулга шингээхийн чухлыг, тайзны дүрслэлүүд дүрд туслахгүйгээр тайз өөрөө нэгэн дүр болж үзэгдэх ёстойг Д.Нацагдоржоос ч онцгой модон тэрэгний дүрээс мэдрэх үүргийг үзэгч хүлээсэн юм. Тэгэхээр "Монгол ардын суут" жүжгийг үзэхдээ эхлээд Д.Нацагдоржийн тухай биш, модон тэрэгний (дугуй) уг учгийн тухай өөр зуураа бодох, басхүү мэдрэх шаардлага тулгарсан билээ...
3. Туульсын өгүүлэмж
Брехтийн туульсын театрын өгүүлэмж нь туульсын бүтээл дэх өнгөрсөн цагт болсон зүйлсийг нөхөн сануулж, нэхэн хүүрнэх буюу нэгийг нөгөөгөөр дам дамаан илэрхийлэх уран сайхныг чөлөөтэй ашиглахыг хэлж байна. Драмын жүжгийн амин сүнс үйл явдал буюу хүүрнэл байх ёстой гэж үзэхдээ энгийн үргэлжлэлт үйл явдлын шугамаас үргэлж татгалзаж иржээ. Ингэснээр үзэгчдэд жүжгийн бүтэц, тайзны тавилт , жүжиглэх аргууд цөм зориуд, “хэвийн бус” мэт байдлаар дамжин хүрч, шинэ ойлголт, шинэ санаа сэдлийг өдөөн хөтөлдөг аж.
Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд эртний Грекийн цуут яруу найрагч Хомерын “Илиад” туульсыг судалсан эрдэмтэд, “Хомер үйл явдлуудыг болсон дарааллаар нь энгийн байдлаар хүүрнэхээс илүүтэй тууль бүтээлд түгээмэл ажиглагддаг арга барилыг ашиглан уншигчдын анхаарлыг эзэмдэхээр оролджээ. Энд уншигчийг үйл явдлын гүнд шууд татан оруулах арга буюу Ромын яруу найрагч Горацийн тодорхойлсоноор in media res (лат. “яг голд нь аваачих”) арга ашигласан байдаг. Хомерын хүүрнэл есөн жилийн тасралтгүй дайны сүүлийн жилд эхэлнэ” гэжээ.
Уг жүжигт Д.Нацагдоржийн амьдралыг нэхэн өгүүлэхдээ амьдралынх нь нэгхэн шөнийн явдалд зангидсан. Үргэлжийн харанхуй орчин, хүйтэн борооны тасралтгүй чимээ, барьцгүй хоосон оройн зайн нөхцлүүд нь жүжгийн гол санааг маш содоноор адилшаан харуулна. Амьдралынх нь чухал мөчлөгүүдийг зүүд, дурсамж, ёр, зөн бэлгэдлээр дамжуулан дандаа далд тэмдэг бүхий дүрслэлүүдээр үзүүлнэ.
4. Үзэгчдийн дүр
Нэрт найруулагч, онолч Ёжи Гротовскийн “Жүжгийн эвлүүлэг тайзан дээр биш, үзэгчдийн анхаарал даган буй болдог. Үзэгчдийн хүлээн авч байгаа байдал эвлүүлгийн “судал” гэж хэлсэн санааг эл жүжгийн тавилтыг тайлбарлахдаа дэм болгон эшлэмээр байна.
Театрын бүтээл үзэгчдийн өмнө үзүүлэн тавьж “харуулсан” бус нууцын эрэлд мордуулсан хөтлөгч урлаг байх ёстойг зохиолын бичвэрийг гайхалтай задлан уншсан Б.Баатар найруулагч өвөрмөц дэглэсэн битүү утгат найруулгын шийдлүүдээрээ тодорхой гэгч хэлэв. Үй олон “үзэгч”-ийг биш оролцогчдыг бэлтгэх буюу үзэгчдийнхээ уран сайхны сэтгэлгээг тэлээх бүтээл хамгаас чухал гэдгийг л сануулаад байна. Тэгэхээр өнөө модон тэрэг (дугуй) маань юу болов? Модон тэрэг, түүнтэй холбогдох зүйлс утга соёл, хэрэглээний талаасаа юуг чухам бэлгэдэн илэрхийлдэг юм бол оо?
Дорныхон, ялангуяа нүүдэлчдийн гүн ухаан, утга соёлд модон тэрэг, үхэр тэрэг, модон тэрэгний дугуй сэлт зэрэг хэрэгслийг оршихуйн мөн чанар, орчлонгийн мөнх бус, үнэмлэхүй (туйлын) болон харьцангуй цаг хугацааны ойлголтыг бэлгэдэн дүрсэлдэг нийтлэг эх дүр (архетип), өгүүлэмжийн төсөө байна. Бурхан багшийн сургаальд “Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтнох мөнх бус гэдгийг батална” гэсэн бий. Үе үеийн уран бүтээлчдийн жишээнээс түүвэрлэн үзэхүл энэ ойлголт санаа улам тодорхой болох ажээ.
Жишээ нь монгол түмний оюун сэтгэлгээ, уран сайхны билгүүн шасдир болсон “Монголын нууц товчоо”, Лувсанданзаны “Алтан товч” зэрэг зохиолд ийм баримт нэн элбэг тохиолддог. Лувсанданзаны “Алтан товч”-д эзэн богдыгоо өөд болоход Гилгүдэй баатрын харуусан дуудсан шүлэг байна:
“Халих харцагайн жигүүр болон одов чи, Эзэн минь
Хангинах тэрэгний тээш болон одов чи, Эзэн минь
Тоглох харцагын жигүүр болон одов чи, Эзэн минь
Тойрох тэрэгний тээш болон одов чи, Эзэн минь
Жиргэх шувууны жигүүр болон одов чи, Эзэн минь
Жиргэрэх тэрэгний тээш болон одов чи, Эзэн минь”.
Энэхүү шүлгийн хосмолжин мөрүүд эхний шаддаа эзэн богдыг энгүй их суу алдраараа мөнхрөн үлдлээ гэсэн утгыг илэрхийлээд дараагийн шадад хорвоогийн жам ёс, зуурдын цаг хугацааны жимээр эгэл хүмүүний нэгэн адил одлоо гэдгийг модон тэрэг, тээш гэсэн үгсэд шингээн бичжээ.
Мөн Чингис хааны Жамухад элч илгээхдээ хэлүүлсэн үг, Хорчийн Тэмүүжинийг хаан болох тухайд зөгнөсөн зүүдний дүрслэл, хаан эзний алтан шарилыг хасаг тэргэнд өргөн тээж явахуйд тэрэг булдаа хүртэл шигдэж, хөдөлгөн ядахад Гилгүдэй баатар мөн өчил шүлэг хэлэн мөргөхөд хасаг тэрэг хангирсан хөдөлсөн тухай гээд цөм модон тэрэгтэй холбосон буюу цаг хугацаа, орон зай, хүний хувь тавилангийн сайн хийгээд муу явдал үйлийн өгүүлэмжийг давхар тээсэн байна.
Хэнтийн яруу найрагч Б.Батхүүгийн “Үхэр тэрэг” хэмээх шүлгэнд:
“Үхэр тэргээ хөтлөөд өвөө минь
Тэнгэр уулыг давж харагдсан
Тэр минь эргэж эрэхгүй
Үхэр тэрэг маань харин ирчихсэн байсан
Би үхэр тэргээ хөтлөөд
Тэр л уулын зүг алхаж явна
Миний хойноос хэн хараад юу бодож зогссоныг
Мэдэж байгаа болохоор би эргэж харахгүй
Үхэр тэргээ алдчих вий л гэж эмээж явна” гэсний үхэр тэрэг бол цэвэр мөнхийн болоод зуурдын цаг хугацааны ойлголтыг илтгэж буй юм.
Үүнтэй ижил өгүүлэмжтэй бас нэг шүлгийг Ч.Мягмарсүрэн найрагч бичсэн юм.
“Бальгай гэж
Пальгар бор өвгөн
Пайтан хэлтэй
Ээтэн гуталтай...
Өвөлжин мөс тээсэн
Өвгөн буурал
Намайг сургуульд ороход
Өвгөн байсан
Найм төгсөөд явахад
Өвгөн байсан
Хожим уулзахад
Өвгөн байсан
Хорвоод тэр угаасаа
Өвгөн төрсөн хүн
Тэр хүн
Цаашилж одсон
Он жилүүдийн тэртээгээс
Цагийн хана
Нэвт харагднам
Хагсан хатсан
Хар модон тэрэг
Хойшоо чангаана
Томоо гуталтай
Тожир өвгөн
Тонгойж зүтгэнэ...”.
Цаашилж одсон он жилүүдийн цаанаас цагийн хана нэвт гэрэлтэх өвгөнийг үхэр тэрэгтэй нь л хамт дүрсжүүлж буй нь нэгтгэн хэлэх гээд буй “архетип” дүрийн уран сайхны ойлголтыг баталж байх шиг.
Хамгийн сүүлд бичигдсэн залуу яруу найрагчийн шүлгээс энэ дүр, дүрслэлийг харвал:
“Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг...
Гадаа бөртийн зогсох үхэр тэрэгнүүд
Газар дээгүүр өнхөрсөөр жижигхэн болсон байдаг
Сар жаргахад тэд цэнхэртэж үзэгдээд
Сайхан өвгөдөө зөөсөөр хуучирсан байдаг...” гэж бүр ч сонирхолтой дүрслэлээр амьдшуулан нэгтгэж буулгасан байна.
Ингэхээр “Монгол ардын суут” жүжигт үзэгдэл болгон дээр хэвтэж, босч, хажуулдаж, эргэж буй модон тэрэгний цаана Д.Нацагдорж амьдралдаа ч, уран бүтээлдээ ч өөрийнхөөрөө, өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзэл, хүлээсэн цаг хугацааныхаа үүрэгт ямархан үнэнч явсаар дууссан тэрхэн орон зайг гэрчлэх, харьцуулан үзүүлэх гэсэн Ц.Хулан, Б.Баатар хэмээх хоёр эрхэмийн зорилго ийнхүү оршсон мэт.
5. “Хүнийсэх” зарчим буюу дүрслэлийн цогц хэл
“Хүнийсэх” зарчмыг бид зөвхөн жүжигчиний тоглолт дээр голчлон ярьдаг, ойлгодог. Гэвч угтаа тэр жүжгийн бүхий л утга санааг илэрхийлж буй дуу, шүлгээс авахуулаад тайз, найруулга, үзэгч гээд цөм уран сайхны дүрслэлийн нэгэн хэл болж оршихыг, тэгж гэнэт өөр өнцгөөс харах, өвөрмөц шийдлүүд ашиглахыг өгүүлсэн хэрэг юм.
“Жүжигчин дүрдээ орон шингэх нь түүнийг зүгээр илэрхийлэгч, эсвэл дүрийн өмгөөлөгч болгож байна гэж үзээд жүжгийн дүрүүдийн хооронд бус, зохиолч хийгээд дүрүүдийн хооронд зөрчил байдаг тул жүжигчин хүн дүрд хандахдаа зохиолчийн юм уу, эсвэл өөрийн үзэл бодлыг илэрхийлэх ёстой гэсэн санал тавьжээ”.
Үүнийг Б.Баатар найруулагч Ц.Хулан зохиолчийн зохиолд буй “Хар хүн” хэмээх муу ёр, үхэл мөхлийн ёр зөн мэт нууцлаг дүрээр, Д.Нацагдорж тэр хоёрын харилцан яриа, этгээд хачин тоглолтоор бий болгосон байдаг. Үнэндээ зүүднээс зүүд рүү, дурсамжаасаа дурсамж руу аялах, цөөн боловч амьдралдаа учирч байсан сайн, муу бүхий л хүмүүстэй нэгэн шөнө “товчлон” харьцчихсан байх зэрэг өр өвдөм дүр зургууд, содон шийдлүүдийн цаана Д.Нацагдорж маань өөрөө өөртэйгөө л зөрчилдөн буй яриа, үхэл сэхлийн ирмэг дэх хувь хүний “экзистенци” нь тэмтрэгдэнэ. Энэ бүхнийг үзэгч жүжгийн эцсийн цэг хүртэл эргэцүүлэн бясалгаж, өөртөө бодож дүгнэнэ гэдэг сая жүжиг гэмээнэ жүжиг болж буйн шинж буй заа. Жүжиг гэдэг амьдрал биш; жүжиг гэдэг театр байх ёстой билээ.
ДҮГНЭЛТ:
- Бид театрынхаа түүхэнд Б.Брехтийн бичсэн жүжгийг хоёронтоо найруулан тавьж, онолоор нь туршин хөгжүүлсэн туршлага байдаг бол Б.Баатар найруулагчийн энэхүү бүтээлээс Б.Брехтийн театрын системийн онцлогуудыг (Экспрессионизм, бэлгэдэл, туульсын (epic) театр, “хүнийсэх” зарчим (verfremdung), үзэгчийн дүр, уламжлалт бус арга барил, логик бус шийдэл, тусгаар үзэгдэл) цогц байдлаар хүлээн авч болох нь олон талаар батлагдаж байна.
- “Монгол ардын суут” жүжиг нь Д.Нацагдоржийн тухай уран бүтээл болж чадсан байна. Чухамдаа Д.Нацагдоржийн амьдрал, Д.Нацагдоржийн амьдралын тухай уран бүтээл хоёр тэс өөр шинжтэй байх ёстойг жүжгийн зохиол болоод найруулагчийн ажиллагаагаар тод харууллаа.
- УДЭТ маань ойрхи жилүүдэд бүтээлийнхээ арилжааны хэлбэрт анхаарлаа хэт хандуулж, шоуны гэлтэй жүжгүүдээр “дүүрэх” болсон. Харагдах байдлаас бэлгэдэл хайж элдвээр чимэн “наах” хийгээд бэлгэдэлт илэрхийллийг сэтгэмжлэн бүтээх хоёрын хооронд асар том ялгаа бийг энэхүү жүжгийн задлан шинжлэхэд илт мэдрэгдэж байв.
- “Оюун ухааны”, “Бэлгэдлийн”, “Уламжлалт бус” гэх зэргээр нэрлэгддэг Б.Брехтийн театрын онол, аргачлалууд дэлхийн тайзны бүтээлийн дүрслэн илэрхийлэл үндсэн зарчимд онцгой нөлөө үзүүлсэнийг Монголын театрт найруулагч Б.Баатар “Монгол ардын суут” бүтээлийнхээ арга барилаар тогтолцоотой илэрхийлэн суурьшууллаа.
Театр судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц

Улаанбаатар