“Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Австрийн Вена хотод боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, дэлхийн уншигчдын хүртээл болголоо.
Номын нээлтэд Монгол Улсаас Австрид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг, Австрийн Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бирол Келич, Олон улс дахь Монгол Улсын соёлын элч Ц.Гэрлээ, Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцжээ.
Монгол Улсаас Австрид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг нээлтэд үг хэлэхдээ, “Энэхүү хөрөг номын багийн гишүүд Австрийг зорин ирсэнд талархаж байна. Номыг герман хэлээр хэвлүүлж, Австрийн уншигчдад хүргэх ажлыг бүх талаар дэмжинэ. Эргэлт.мн мэдээллийн сайтынхан эрэн сурвалжлах чиглэлээр дагнан ажилладаг гэдгийг мэднэ. Харин одоо соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж, Монголын соёлыг дэлхийд сурталчилахаар Европын орнуудыг зорьж яваад ихэд бэлгэшээж, талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Харин Австрийн Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бирол Келич “Монгол орны олон зохиолч ном бүтээж, бидэнд танилцуулахаар ирж байсан ч сэтгүүлчид сэтгүүл зүйн бүтээлээ ийн дэлгэж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сайн, сайхан бүтээл болсон байна. Монгол Улсын соёл, нүүдэлчин ардын эгэл жирийн амьдралыг “Сүүлчийн нүүдэлчид” номоос дэлхийн англи хэлтнүүд унших, мэдэх боломжтой болжээ” хэмээн ярьжээ.
Энэхүү ном нь баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох эх орныхоо эзэнгүй талд 40 жил давс олборлон, нөхөрлөж байгаа дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх, хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг монгол хүн, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор амьдралын эздийн баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээл юм.









Улаанбаатар