ЗАВХАН: Ганцын даваа хаагдаж, Загастай, Солонготын даваанд үзэгдэх орчин хязгаарлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн ихэнх суманд их хэмжээний цас орж шуурсны улмаас зарим
даваа хаагджээ.
11 дүгээр сарын 13-ны 8.00 цагаас 14-ний 8.00 цаг хүртэлх хугацаанд нийт нутгаар цас орсон байна. Хамгийн их нь Тосонцэнгэл сумын нутгаар 5.0 мм цас орлоо.
Өнөөдрийн 16.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр Тосонцэнгэл 13 см, Цэцэн-Уул 11 см, Сонгино 10 см, Улиастай, Баянхайрхан, Тэс сумын нутгаар 9 см-ийн цастай байна. Эрдэнэхайрхан 8 см, Завханмандал, Алдархаан, Цагаанхайрхан сумын нутгаар 7 см, Баянтэс, Түдэвтэй сумын нутгаар 6 см цастай байна.
Дөрвөлжин, Цагаанчулуут, Их-Уул, Ургамал, Яруу сумын нутгаар 4-5 см, бусад сумын нутгаар 1-2 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Ихэнх нутгаар өдөртөө баруунаас 2-10 м/с, зарим сумдын нутгаар түр зуур 10-13 м/с, шөнөдөө 4-18 м/с, ихэнх сумдын нутгаар түр зуур 12-24 м/с хүрч шуурсан гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулав.
11 дүгээр сарын 14-ний өдрийн 16.00 цагийн байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам даваанд цас орж шуурсны улмаас Ганцын даваа хаагдаж, Загастайн даваа, Солонготын давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Өнөөдөр ихэнх нутгаар үргэлжлэн цас орж, цасан шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
Иймд иргэд онцын шаардлагагүй бол хол ойрын замд зорчихгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд, өндөр настныг малын хариулага маллагаанд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас нэмж мэдээлэв.


Улаанбаатар