“Копа Америка” тэмцээнийг АНУ-д зохион байгуулахаар хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-12-02 13:31:38

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /Reuters/. АНУ хөл бөмбөгийн “Копа Америка” тэмцээнийг 2028 онд дахин зохион байгуулах талаар хэлэлцээ хийж байгаа талаар “The Athletic” спортын мэдээллийн платформ даваа гарагт мэдээлжээ.


Дөрвөн жилд нэг удаа болдог эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээн хамгийн сүүлд 2024 оны зургаа, долоодугаар сард АНУ-д болсон юм. Тэгвэл Өмнөд Америкийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох КОНМЕБОЛ нь Хойд Америк, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудыг төлөөлдөг КОНКАКАФ холбоотой 2028 онд АНУ-д уг тэмцээнийг дахин зохион байгуулах асуудлаар хэлэлцээ хийж байгаа ажээ.


Зуны Олимп Лос-Анжелес хотноо 2028 оны долоодугаар сарын 14-нд эхлэх юм. 2024 оны “Копа Америка” тэмцээний финал долоодугаар сарын 14-нд болсон тул зуны наадмын эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнтэй давхцуулахгүйн тулд огноог зөвшилцөх шаардлагатай болно.


КОНМЕБОЛ мөн Аргентин, Эквадорыг зохион байгуулах боломжтой улсууд гэж үзэж байгааг дээрх мэдээнд дурджээ. 2024 онд хөл бөмбөгийн хоёр холбооны хооронд байгуулсан гэрээгээр КОНКАКАФ-ын зургаан багийг КОНМЕБОЛ-ын 10 улстай хамт тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна. Улмаар АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг Мексик, Канад, Коста-Рика, Панам, Ямайкийн хамт КОНКАКАФ-ыг төлөөлж оролцжээ.


АНУ “Копа Америка” тэмцээнийг 2016, 2024 онуудад зохион байгуулж байв. Аргентинчууд 2024 оны долоодугаар сарын 14-нд Флорида муж улсын Майами-Гарденс хотын “Хард Рок” цэнгэлдэх хүрээлэнд Колумбыг 1:0-ээр буулган авснаар тэмцээний аварга болсон билээ. Тэмцээнийг нийт 1.6 сая хөгжөөн дэмжигч үзсэн бөгөөд АНУ хэсгээсээ шалгараагүй байна.


2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулах тул дэлхийн хөл бөмбөг сонирхогчдын анхаарал хэдийн Хойд Америкт төвлөрөөд байгаа юм.


КОНМЕБОЛЫН хэвлэлийн төлөөлөгч “The Athletic”-т мэдээлэхдээ, одоогоор ямар нэгэн тодорхой шийд гараагүй байна хэмээн хэлжээ. КОНКАКАФ мөн энэ талаар тодруулах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

 


Холбоотой мэдээ