АРХАНГАЙ: Энэ он Архангай аймгийн гадаад хамтын ажиллагаанд ахиц гарсан жил байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-09 12:01:46

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ онд Архангай аймгийн хувьд гадаад харилцааны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлсэн, бодит ахиц дэвшил гаргасан жил болж өнгөрч байна.

 

Архангай аймаг БНХАУ, БНПУ, БНЭУ, БНТУ, БНСУ-ын хот, мужуудтай эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, хот тохижилт зэрэг салбарт хамтран ажилласан байна. Тухайлбал,

 

-Бүгд Найрамдах Польш Улстай харилцаа тогтоосноор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны урт хугацааны түншлэл, эмч мэргэжилтнүүдийн туршлага солилцоо, аймгийн Нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, хөдөө аж ахуйн салбарт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, туршлага солилцох, соёлын салбарт соёлын өвийг хамгаалан үлдэх, соёлын олон янз байдлыг ирээдүй үед өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах зорилготой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон байна.

 

-Бүгд Найрамдах Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Архангай аймаг болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лех хот дахь Ладакийн автономит бүсийн зөвлөлийн хооронд соёл, урлаг, спорт, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан байна.


-2025 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийх төрийн айлчлалын үеэр тус улсын Кампания мужийн Анакапри хоттой соёл урлаг, боловсрол, спорт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

 

-Бүгд Найрамдах Солонгос Улстай эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж, “Нээлттэй нийгэмлэг” эмч нарын сайн дурын холбоо, “Асан” эмнэлгийн 50 гаруй эмч, эмнэлгийн ажилчид аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нүд, шүд, гоо сайхан, мэс засал, мэдрэл, үе мөч, уламжлалын чиглэлээр нийтдээ 1100 гаруй иргэнд үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна.

 

-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Юньнань мужтай харилцан айлчлал хийж, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.

 

-Япон Улсын Ойта мужийн Чиба Технологийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цахим боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор Цэнхэр, Хотонт, Булган, Ихтамир, Өлзийт, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан болон Эрдэнэбулган сумын 1, 2-р сургуулиудад нийт 450 ширхэг iPad олгосон бөгөөд 2026 онд хөдөөгийн сурагчдыг зөөврийн компьютерээр хангахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

 

-Тайланд Улсад бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр гурван төрийн албан хаагч, Бүгд Найрамдах Солонгос Улсад газар, дэд бүтцийн чиглэлээр дөрвөн төрийн албан хаагч, Филиппин Улсад ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний хоёр багшийг тус тус мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна.

 

-Монгол Филиппины Боловсрол, соёлын төвтэй хамтран Филиппин Улсаас англи хэлний мэргэжлийн хоёр багшийг ерөнхий боловсролын сургуульд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахаар харилцан тохиролцсон байна.

 

-“Сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсад хоёр багш, 10 сурагч, Япон Улсаас нэг багш, 5 сурагчийг тус тус туршлага солилцох аялалд хамруулаад байна.

 

Мөн ах дүүгийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улсын Османгази дүүрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан баг айлчлал хийж Цэцэрлэг хотын тохижилт, хог хаягдлын менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.

 

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймаг “Торгоны замын хотуудын холбоо”, “NEAR-ын бүс нутгийн засаг захиргааны холбоо”-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төрийн албан хаагчид болон боловсролын салбарын ажилтнууд олон улсын төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт хамрагдсан байна.

Холбоотой мэдээ