ӨМНӨГОВЬ: Олон улсын авто механикийн үзэсгэлэнд оролцож туршлага судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-09 15:29:45

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанхай хотноо 11 дүгээр сарын 25-30-нд Олон улсын авто механикийн үзэсгэлэнд “Тавантолгой” ХК-ийн Засвар, механикийн албаны ахлах механик Г.Бат-Учрал, засварын механик Г.Батаа, засварчин Б.Ганчулуун нар оролцож, шинэ техник технологитой танилцан туршлага судлаад иржээ.

 

Үзэсгэлэнг 8 төрлөөр ангилж 14 хэсэг үзэсгэлэнгийн танхим гаргаж танилцуулсан бөгөөд уурхайн машин техник, түүний ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон улсад нэвтэрч буй шинэ техник технологийг судлах олон талын ач холбогдолтой ажил болжээ.

 

Мөн хөдөлгүүрүүдийн сэлбэг, эд ангийн чанар байдлыг судлах, эх үүсвэрийн холбогдох мэдээллийг авах, уурхайн техникүүдийн түлш зарцуулалтын хэмнэлтийн чиглэлд багадаа 10-15 хувийн хэмнэлт гаргах талаар шинээр нэвтэрсэн технологи, хөдөлгүүрийн их засварын ажилд ашиглах хэмжилт, тохируулганы багаж тоног төхөөрөмж, компьютер оношилгооны программ зэргийг судалж танилцжээ.

 

Үзэсгэлэнд оролцсоноор сэлбэг материал, тоног төхөөрөмжийн чанарын харьцуулсан мэдээлэлтэй болохын зэрэгцээ байгууллагын техник ашиглалт шинэчлэл, засвар үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран ажиллах, байгууллагын технологийн шинэчлэлд хэрэгжүүлэх боломжтой олон шийдэл байгааг олж харсан талаар туршлага судалсан ажилтнууд онцоллоо. 

Холбоотой мэдээ