СҮХБААТАР: Шинэ гавьяатууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр
сарын 4 /МОНЦАМЭ/. Шинэ оны өмнөхөн буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн
зургаан эрхэм гавьяат хэмээх эрхэм цолоор шагнуулсан билээ. Шинэ гавьяатуудын тухай товч дурдъя.
Монгол Улсын Гавьяат малчин Дамдины Баярсайхан
Уулбаян сумын харьяат, улсын хошой аварга малчин. Тэднийх гурван мянга гаруй малтай. Мал аж ахуйгаа орчин үеийн техник технологийн хөгжилтэй хослуулан
хөгжүүлж яваа туршлагатай малчин. Ингэхдээ уламжлалт зан үйл, түүх соёлоо гажуудууж болохгүй гэж тэрээр үздэг. Ингэж мал маллахын хажуугаар хурдан морины соёлоо ч гээгээгүй, аймаг сумын наадамд айраг хүртэж явсан уяач. Сумандаа төдийгүй Сүхбаатартаа хүндтэй, олон хүний үлгэр дуурайл болж яваа ахмад малчин юм. Түүний гэргий малын эмч мэргэжилтэй.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дарьзавын Бор
Онгон сумын харьяат. Агрономич, эрдэмтэн, тамирчин, яруу найрагч, дуучин, орчуулагч, багш гээд олон талын авьяастай. Нэрт найрагч О.Дашбалбарын ойрын хамаатан учир олонх нь түүнийг
урлагийн авьяас билгээр нь андахгүй. Нутаг
орон, найз нөхөд, аав ээж, адуу малынхаа тухай бичсэн олон шүлэг, яруу найраг нь олны дунд алдартай.
Монгол Улсын хүний гавьяат эмч Шинэнчүлтэмийн Лутсүх
Асгат сумын харьяат. Хөдөөгийн нутагтаа “Хүүхдийн Лутаа” хэмээн хүндлэгдсэн нэгэн. Тэрээр хүүхдийн эмч мэргэжил эзэмшин, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр томилогдон, нэг жил ажилласнаас хойш аймгийн Хүүхдийн больницын ерөнхий эмч, Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, нярайн эмч, зөвлөх эмч, Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагчаар тус тус ажиллаж, хагас зуун жил эрүүл мэндийн салбарт зүтгэжээ.
Гавьяат Ш.Лутсүх нь давхардсан тоогоор 100 мянга гаруй хүүхдийг оношилж, эмчилсэн байна.
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Довчиндоржийн Бор
Халзан сумын харьяат. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар олон жил ажиллаад гавъяаныхаа амралтад гарсан ч өдгөө хувийн эмнэлэг байгуулан мөн л салбартаа хүчин зүтгэж буй ахмад эмч. "Оточ болор" хэмээх эмнэлэг нь амбулатори болон хэвтэн эмчлүүлэгсдийн хэсэгтэй бөгөөд эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг тогтвортой аждын байраар хангах, цаашлаад хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулахад хамгийн гол үүргийг гүйцэтгэж буй.
Монгол Улсын гавьяат багш Батаагийн Минжүүрдорж
Түвшинширээ сумын харьяат. Химийн багш
мэргэжилтэй. Онгон, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуульд олон жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Монгол Улсын гавьяат багш Дамдины Оюунбилэг
Эрдэнэцагаан сумын харьяат. Төрлөх нутагтаа бага ангийн багшаас эхлээд сургуулийн захирал хүртэл олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан ахмад удирдагчдын нэг. Өдгөө ч сумынхаа Ахмадын хорооны даргаар ажиллаж байна.
Улаанбаатар