ГОВЬ-АЛТАЙ: Мөсөн сурын тэмцээнд 70 гаруй харваач оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 06 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний спортын VIII наадам, Говь-Алтай аймгийн Мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 70 гаруй харваач оролцов.
2026 оны сурын харвааны анхны тэмцээн болох мөсөн сурын харваанд баг болон цуваа харвааны төрлөөр болсон юм. Харваа тэмцээнд Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгийн нийт 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьжээ.
Багийн харвааг Говь-Алтай аймгийн үндэсний сурын Засагтхан клубын Мөсөн сурын баг тэргүүлсэн бол Говь-Алтай аймгийн үндэсний сурын Хантайшир зурхайн Мөсөн сурын нэгдүгээр баг, Ховд аймгийн Уулсын мэргэчүүл үндэсний сурын холбооны Мөсөн сурын баг удаалжээ.
Тэгвэл цуваа харвааг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ЕБС, Хараатын мэргэд сурын холбооны харваач Сосорбарамын Лхагва-Эрдэнэ манлайлж Мөсөн сурын аймгийн мэргэн цол хүртсэн юм. Удаах байрт Говь-Алтай аймгийн Халиун сум, Хантайшир зурхайн харваач спортын дэд мастер Б.Түвшинбаяр Мөсөн сурын аймгийн бахлуур харваач цол, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Засагтхан клубийн харваач АМ,СМ Б.Лхагва-Очир, Говь-Алтай аймгийн Бигэр сум, Нэгдсэн эмнэлэг, Хантайшир зурхайн харваач Х.Төртогтох мөсөн сурын аймгийн нягт харваач цол, Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Хантайшир зурхай, Сутайн мэргэд сургалтын төвийн харваач АХМ, спортын мастер Н.Пүрэвжал нар эзэллээ.
Мөсөн сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт дээр үеэс уламжлан хөгжиж ирсэн үндэсний өв соёл, үндэсний спортын төрөл юм.
Улаанбаатар