ЗАВХАН: Улиастайд цэргийн хүрээний сургууль 1768 онд байсан нь баримтад үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-06 16:47:49

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эртний түүхтэй Улиастай хотод 1768 онд сургууль байгуулагдаж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнийг Завхан судлал 29-р ботид өгүүлжээ.


Номд өгүүлснээр, Улиастайд 1768 онд байгуулсан сургуулийн хэргийг Эрдэнэ бишрэлт Засагт хан Цэвээнбалжаа эрхлэн захирч байсан. Цэвээнбалжаа бол Чингис хааны алтан ургийн шууд угсаа, Засагт хан Балдарын ахмад хөвгүүн бөгөөд 1779-1791 оны хооронд Засагт хан ор залгамжилжээ.


Тэрээр Засагт ханы орыг залгамжлахаасаа өмнө 1768 онд Улиастайн цэргийн хүрээний сургуулийн хэргийг захирч байсан байна. Энэ тухай, "Илтгэл шаштир"-т, ... гучин гуравдугаар он Улиастайн цэргийн хүрээний сургуулийн хэргийг захиргавай хэмээсэн буй. Энд Улиастайн цэргийн хүрээний сургууль хэмээн нэр заасан нь тухайн цагт Улиастай хот дахь "Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжны газар”-ыг хэлж байгаа нь тодорхой.


Мөн тус цэргийн хүрээний сургуулийн талаар ахмад түүхч Г.Навааннамжил бээр "Өвгөн бичээчийн өгүүлэл"-дээ,

…”Улиастайн жанжин, хувийн сайдууд бол (Дайчин улсын хааны) зарлигаар зарсан хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин хувийн сайдууд гэж нэрийднэ. Халх дөрвөн аймаг, дүрвэд, урианхай зэрэг монголчуудыг ерөнхийлөн захирсан бөгөөд хязгаар дахины цэргийн хэргийг эрхлэх тушаалтай болно. Тэд гадаадыг сэргийлэх дотоодын самуун будлианыг засаж жолоодох, цэргийн хэрэг, сургууль эрдмийг боловсруулах хүмүүжүүлэх зэрэг үүргийг Чин улсын хаанаас онцоор даалгаж гаргасан” хэмээсэн нь тус сургуулийн тухай өгүүлсэн хэрэг байна.


Мөн нэг баримтад, эртний түүхт Улиастай хот алба байв. Энэ нь Манжийн эрх баригчид монголчуудыг газар дээр нь баримтлан захирч, хянаж байх үүрэгтэй жанжин, сайдын газруудын нэг байжээ.


Энэ алба нь нэг талаас мөнгөний алба, нөгөө талаас биеийн зардал, бусад албыг мөн тухайн нутгийн монголчууд нийлүүлдэг алба юм.


Улиастайн жанжны дэргэд Халхын аймгуудын жанжин тусгай түшмэл, өрхүүд ээлжлэн сууж, уг жанжны газрын шийдвэр, даалгаврыг холбогдох газруудад нь хүргэж хэрэгжүүлэх арга хэмжээ авдаг байв. Жасаанд Халхын дөрвөн аймгаас 25 өрх байнга алба залгуулж байв. Энэ жасааны нэг жилийн зардал мөн үед 2700 орчим лан мөнгөтэй тэнцэж байжээ. Энэ нь сургууль боловсролын зардал юм. Тусгайлан байшин гаргаж, өрөө тасалгаа зассан тус сургуульд анх Сангийн хотод амьдран суух манж, хятад түшмэдийн эрэгтэй хүүхдүүд суралцдаг байсан бол яваандаа монгол хүүхдүүд ч сурах болжээ. Тус сургуульд манж, хятад, монгол хэл бичиг, дөрвөн аргын тоо, төр барих эрдэм зэргийг заах бөгөөд төгсөгчид нь Улиастайн жанжны газрын жургааны зангийн албыг хашдаг байв.


Улиастайн цэргийн хүрээний сургуулийн тухай баримт архивт мэр сэр бичигдэн үлдсэн байх бөгөөд тухайлбал, 1911 онд өргөн илгээсэн "Улиастайн сургуульд суугаа хүүхдийн хэрэглэлийг иргэдээс авч олгохыг мэдэгдсэн тухай нугалбар бичиг" архивт хадгалагдаж байна.


Тэрхүү бичигт Улиастайн цэргийн хүрээний сургуулийн хүүхдийн хэрэглэлийн зүйлийг иргэдээс авч олгох тухай мэдэгдсэн байдаг нь ХХ зууны эхэн үе хүртэл тэрхүү сургуулийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилж байсныг илтгэнэ.

Харин 1912 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улиастай хотыг чөлөөлж, Манж жанжин, сайдыг хөөн гаргасны дараа Сангийн хотыг эзлэн тэнд буй зүйлсийг бүртгэн үзэхэд, сургуулийн хүүхдийг суулгахаар байгуулсан нэг хашаанд 38 өрөө, тасалгаа бүхий 9 байшин байж, тэндээс хар өнгийн битүү хилэн цамц, өмд тус бүр 30 ширхэг, цагаан нэхий хүрэм, өмд тус бүр 25 ширхэг, хар хилэн гутал 25 ширхэг гарч байжээ. Дээр өгүүлсэн мэдээ баримт нь Улиастай хотод Манж Чин гүрний жургааны зангийн газар ажиллах түшмэдийг бэлтгэх сургууль 1768 онд үүсгэн байгуулагдаж байсныг илтгэж буй юм.


Хэдийгээр албан түүхэнд баримт нь үлдсэнээр 1768 онд Улиастайд сургууль байгуулагдсан нь мэдэгдэх боловч түүнээс өмнө сургууль боловсролын тогтолцоо байсныг үгүйсгэхгүй юм хэмээн 2025 оны 12 дугаар сард хэвлэгдэн гарсан Завхан судлал 29-р бодит өгүүлжээ. 

Нүүрний зургийн тайлбар: Улиастай дахь "Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжин" байрлаж байсан Сангийн хот болно. А.М.Позднеев 1886 онд уг гэрэл зургийг авчээ.

Холбоотой мэдээ