Минимал Токио
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
-Токио хотоор аялсан тэмдэглэл-
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өвлийн эхэн сар... Аль хэдийн цасан нөмрөгөө нөмөрч, жавар тачигнасан хүйтэн өвлийн орноос цан хүүрэг татуулсаар Токиогийн Нарита олон улсын онгоцны буудалд газардахад урдаас намрын шар нар ээсэн зөөлөн, дулаан Токио хот биднийг угтлаа.
Олон жилийн нөхөрсөг хамтын ажиллагаатай МОНЦАМЭ агентлаг, Японы Киодо ньюс агентлаг хоорондын солилцооны хөтөлбөрийн дагуу бидний гурван нөхөд энэ удаад арлын орноо хөл тавьж буй нь энэ юм.
Ачаа хөсгөө авч байхдаа Наритагийн онгоцны буудлын эргэн тойронг ажиглатал санасныг бодоход талбайн хувьд тийм ч нүсэр том бус, энгийн атлаа хүнд хэрэгтэй бүх үйлчилгээгээр хангасан нь өнөөх минимал хэв шинж, хандлага нь мэдрэгдээд эхлэв. Магадгүй Хөшигтийн хөндийн олон улсын онгоцны буудлыг мөн л энэ япон стандартаараа барьсан байх гэх бодол зурсхийв.
Биднийг тоссон өндөр туранхай, хижээл насны эрэгтэй бол Киодо ньюс агентлагийн гадаад харилцааны ажилтан Ёйчи сан...Ингээд онгоцны буудлаас хот орох холын замд хөтөчтэйгээ илүү танилцаж яриа өдөж эхлэв. Замд бидний суусан альфард маркийн машины хажуугаар сүлжилдэн холхих машинуудыг хараад машины үнэ ханшийг сонирхон асуухад, ерөнхийдөө манай энд зарагддаг япон тэрэгнүүдээс хоёр дахин хямд үнэтэй юм байна. Аргагүй шүү дээ... дэлхийн авто машины зах зээлийг ихээхэн хувийг хангагч, үйлдвэрлэгч орон болохоор...

Замд Улаанбаатар хотын замаар аахилан давхих том том жийп машинуудыг бараг харсангүй, харин приус, акуа, жук гээд өөр бусад миний мэдэхгүй маркийн жижиг оврын суудлын тэрэгнүүд зонхилон давхилдах нь бас л япончуудын минимал хандлагыг илтгэх мэт.
Ийнхүү давхисаар
Токио хот руу ортол нар аль хэдийн хэвийсэн байв. Түм түжигнэж бум бужигнасан
энэ том мега хотын дунд нэгэн бяцхан мухар гудамжаар ортол том жижиг хоолны
газрууд эгнэн ярайна. Бид тэдний нэг рүү нь явж ороод хавчигхан шатаар нь
дээш өгсөн гартал бас л нэг тийм хавчиг
давчуу орчин угтана. Хоолны газрын эзэн бололтой япон эр доош бөхөлзсөөр
амандаа бувтнан биднийг угтав. Хоолны ширээнүүдийг хооронд нь бараг наалдах
шахам байрлуулсан нь Улаанбаатарын түгжрэлд хоорондоо бараг шүргэлцэх шахам давхидаг
машинуудын дүр зургийг эрхгүй санагдуулна. Олзуурхмаар нь, тэдгээр ширээг хооронд
нь сараалжин модон ханаар тусгаарлажээ. Эргэн тойрны ширээнд суусан хүмүүс
чанга чанга ярилцаж, инээлдэх нь орон зайн хувьд бас сонин л мэдрэмж төрөх юм
байна билээ. Сүүлдээ ч орчиндоо дасаад бид ч бас юугаар дутах вэ гэсэн шиг биеэ
барихаа больж бас ч гэж ярихдаа ярьж, инээхдээ инээсээр...Хүн гэдэг амьтан чинь
байгаа орчиндоо дасан зохицож байж л цааш амьдарна шүү дээ...Энэ л орчноос япончуудын
орон зайн минимал хэв шинжийг мөн адил мэдэрлээ...
Бидний буудалласан буудал дөрвөн одтой, хүн бүрийн өрөөнд нэг хүний ор, орноос хааш хаашаа нэг алхам зайнд ханатай тулах жишээний...Ариун цэврийн өрөө нь мөн адил хааш хаашаа нэг алхмын зайтай гэх зэргээс харахад орон зайг маш нарийн тооцоолж ашигласан өнөөх л минимал хэв шинжээ хадгалсан нь илт. Өнөө үед Японд газрын орон зайг тултал нь ашиглаад бараг дууссан тул агаарын орон зайг ашиглаж эхэлсэн нь хэдэн давхар гүүрэн зам, тэнгэр баганадсан байшин барилга архитектур, шийдлээс илэрхий харагдана лээ.

Азид тэргүүлэх Киодо ньюс агентлаг
Маргааш өглөө нь Ёйчики сан биднийг Киодо ньюс агентлагийн үйл ажиллагаатай танилцуулахаар урсдаг шатаар дээш доош дагуулан гадагш гарахгүй явсаар ердөө тавхан минут хүрэхтэй үгүйтэй хугацаанд тус агентлагт хүрч очив.
Ташрамд, бидний байрласан буудал Киодо
ньюс, Тошиба гэх олон компани байрладаг нүсэр
байгууламжид байрлах тул зөрөн өнгөрөх хүмүүс нь бүгд л албаны голдуу
хувцастай, ялангуяа эрчүүд нь бүгд костюм пиджак, эмэгтэйчүүд нь урт банзал
өмсөж, намхан өсгийтэй шаахай угласан, дор бүрнээ яаран алхацгааж харагдана. Энд
би нэг ч инээж хөхөрсөн, хоорондоо алиалж хошигносон ч юм уу, чанга дуугаар
ярьж буй хүмүүсийг харсангүй. Энэ нь тэдний ажил хэрэгч, төв, бусдад садаа
болохгүй гэх хандлагын нэг илрэл болов
уу.

Бидэнд сэтгэл
гаргаж, танилцуулга хийсэн ноён Като нь өмнө нь Бээжин дэх салбарт ажиллаж
байсан, Монголд олонтаа ирж байсан бөлгөө. Ярилцлагын эхэнд тэрбээр анх
Асашёорюг Японы сүмогийн дэвжээг эзэгнэж шуугиулж байх үед түүний гэрт нь очиж
сурвалжилга авч байсан тухайгаа дурдлаа.

Ингээд түүний танилцуулснаар, нийт 23 давхар байгууламжийн 18 давхрыг нь “эзэгнэн оршдог” Японы мэдээллийн агентлаг анх дэлхийн II дайны дараахан буюу 1945 онд NHK болон бусад 56 хэвлэл мэдээллийн байгууллага хөрөнгөө нийлүүлж байгуулсан. Нийт 1600 гаруй ажилтантай, дэлхийд 93, дотооддоо 51 салбартай, дэлхийн 50 орчим мэдээллийн агентлагтай хамтарч ажилладаг хувийн мэдээллийн байгууллага юм.
Ихэвчлэн дотоодод дижитал хэлбэрээр мэдээллээ цацдаг ба тэдгээрийн ихэнх нь фото мэдээ юм байна. Гадаад руу солонгос, хятад, англи хэлээр мэдээгээ дамжуулдаг, цаасан хэвлэлийг аль хэдийн халж, фото болон видео мэдээг бэлтгэж зарж борлуулдаг. Тэрбээр цааш нь хэлэхдээ, цахим мэдээллийн хувьсгал гарч, залуу үеийнхэн мэдээллийг үнэ төлбөргүй авч болно гэх хандлагатай болсон нь тус агентлагийн орлогод нөлөөлж байгаа гэнэ.
Хиймэл оюун ухааны хэрэглээнд болгоомжтой ханддаг ч сүүлийн үед гадаад мэдээний боловсруулалтад төлбөртэй хэлбэрийг нь ашигладаг болсон гэнэ. Энд цохон дурдууштай нь, япончуудын нэг сэтгэлгээний онцлог нь хувь хүний түгээсэн мэдээллээс илүү мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд илүү итгэдэг гэнэ. Зар сурталчилгаа, мэдээлэл хоёрыг тусад нь зааглаж салгадаг, эс бөгөөс ард түмэн мэдээллийн мөн чанарт итгэхээ болино гэж үздэг байна.
Ардчиллын бэлгэ тэмдэг-Парламентын ордон
Үдээс хойш нь бид
Японы парламентын ордноор зочиллоо. Тэд Парламентын ордноо тодорхой цагаар
япон, англи хоёр хэлтэй тайлбарлагчтай, бүр тусгайлан тасалбар худалдаалж үзүүлдэг
аж. Бид япон сонины орчуулагч М.Болормаатай хамт явж буй тул япон хэлтэй
тайлбарлагчтай багт багтан орлоо. Мэдээж аюулгүй байдлын үүднээс хаалгаар нь
орох болон дотогш нэвтрэх бүрт биедээ авч яваа зүйлсээ шалгуулна.
Японд
хамгийн анх 1889 оны Мэйжигийн Үндсэн хуулиар парламентын системийг бий болгож, 1890 онд анхны парламентын хурлаа
хийж байжээ. Анхны хурлын танхим бол одоогийнх шиг сүртэй байсангүй, модон, түр зуурын барилга байж. Яарч
барьсан модон барилга нь хоёр ч удаа
галд өртжээ. Тэр үеийн улс төр ч халуун, хурлын танхим нь ч
халуун байж дээ...

Ингээд одоогийн парламентын ордны барилгыг 1936 онд барьж дуусгажээ. Энэ удаад япончууд “за одоо л бат бөх юм барья” гээд өөрсдийн архитекторуудын зураг төслөөр боржин чулуугаар барьжээ. Ордонд анх хөл тавихад, архитектурын хувьд барууны нөлөө шингэсэн ч япон хэв маягтай, дээрээ пирамид шиг оройтой. Нэлээн “даруухан минимал мэт боловч сүртэй” дизайнтай юм. Өнөөгийн Японы бүхий л том бодлого, маргаан, улс төрийн “драм” энд л өрнөдөг байх нь. Хуучин модон байшингаас орчин үеийн ардчиллын бэлгэ тэмдэг болтлоо өсөж дэвжсэн газар.

Арлын орны түүхийг өгүүлэгч-Ариун Асакуса сүм
Хоёр дахь өдөр бид Асакуса хэмээх Буддын шашны сүмээр тойрч үзлээ. Сүмийн домог нь ийм аж. 628 онд Сумида голоос хоёр эр загасчилж байгаад Каннон бурхан (өршөөл нигүүлслийн бурхан)-ы жижиг алтан шуумлыг олжээ. Ямар ч байсан “энэ энгийн юм биш” гэж бодоод нутгийн ноёнд үзүүлжээ. Ийнхүү тэр дүрийг хүндэтгэн тус сүмийг байгуулсан түүхтэй аж. Асакуса сүмийг Дэлхийн II дайны хөлд бараг бүрэн сүйдсэн ч дайны дараа ард түмний хандив, хүчээр дахин сэргээжээ. Тиймээс тус сүм зүгээр нэг шашны барилга гэхээс илүүтээ япончуудын тэсвэр хатуужил, дахин сэргэн мандлын бэлгэ тэмдэг гэж хэлж болно.
Асакуса сүм руу ормогц аварга том улаан хаалга аялагчдын нүдийг аргагүй булаана. “Аянгын хаалга” гэх уг улаан хаалганы дээр асар том улаан дэнлүүг байрлуулжээ. Ингээд улаан хаалганы утга санаа нь “одоо чи ариун орон руу орж байна шүү” гэдгийг замын бидэнд сануулж буй аж.
Хаалгаар орж цааш явтал гудамжны хоёр
талд амттан, элдэв янзын япон үндэсний дурсгалын зүйлс, маск гээд ёстой л
ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх юм. Зам зуур шийр
зугаа гэдэг шиг эртний япон үндэсний бэлэг дурсгалын зүйлс нь замын хүмүүсийн
нүдийг хужирлана. Мөн япон үндэсний кимоно дээлийг аялагчдад монгол төгрөгөөр бол
нэг зуун мянга төгрөг төлж өмсгөж зургаа авхуулах үйлчилгээ байх юм.

Сонсох нь ээ, шинэ жилээр сая сая япон хүн энд ирж мөргөл хийхийн хажуугаар бас азын мэргэ татуулдаг юм байна. Ёйчики сан надаас хоёр ч удаа “Мэргэлүүлэх үү?” гэж асууж билээ... Хүмүүс уугиж буй хүжний утаанд гар, толгойгоо утаж байгааг харахад аргагүй л Азийн орнуудын соёл, шашин, итгэл үнэмшил ойролцоо юм даа гэх бодол төрөв. Д.Энхбаяр, М.Болормаа бид гурав ч мөн адил рашаан усаар амаа зайлж, толгойгоо норгоод, хүжний утаанд биеэ ариусгаж ёстой л усыг нь ууж, ёсыг нь дагасаар “дахин шинэ хүн” болцгоолоо.
1400 жилийн түүхтэй энэхүү сүм нь
хэрвээ хүн байсан бол мөн ч их хал үзэж халуун чулуу долоосон, ярих ч юм ихтэй
байх сан даа. Товчхондоо бол Токиогийн амьд түүх, тольт зүрх гэж хэлж болохоор...Өнөө харин музей шиг амьтай
мөртлөө газар газраас ирсэн хүмүүсийн хөлтэй нь холхиж, хөлгүй нь мөлхсөн аялал
жуулчлалын газар болжээ. Энд очиход “өнгөрсөн ба одоо зэрэгцэн оршиж болдгийг”
харна, мэдэрнэ.
Тэнгэр өөд тэмүүлэх Скайтрий цамхаг

Дараа нь бид сүмийн хажууханд нь орших алдарт Скайтрий цамхгийг (Skytree) тойрч үзэхээр болов. Цахилгаан шат дээш хөөрсөөр хаалга нээгдэнгүүт урдаас нэгэн залуухан эмэгтэй монголоор “Сайн байцгаана уу? Тавтай морил!” гэж ямар ч аялгагүй маш цэвэрхнээр мэндлэнгүүт бид гурав мэл гайхан түүнээс асуутал тэрбээр Японд сургууль төгсөөд үргэлжлүүлэн энд ажиллаж байгаа тухай, мөн бас бус ойр зуур зүйлийн талаар хөөрөлдөв. Одоо бодох нь ээ, сүүлийн үед аяллын компаниар дамжуулан монголчууд Япон орноор их аялах болсон тул монгол хүн авч ажиллуулсан болов уу даа...
Токио хот манантай, дээр нь үдэш орой болсон тул цамхгийн өндрөөс доош харах үед харууц тийм ч тод байсангүй, битүү гялалзсан оч гэрэл л нүд гялбуулна.

Скайтрий цамхгийн өндөр нь 634 метр, 2012 онд барьж ашиглалтад оруулжээ. Дизайны хувьд доод хэсгээрээ гурвалжин хэлбэртэй байснаа дээшээ дугуй хэлбэртэй болон хувирна. Энэ нь газар, тэнгэрийг холбож байна гэсэн утга санааг агуулжээ. Барилгын архитектур нь Японы уламжлалт сүмийн баганаас санаа авсан гэнэ, мэдээж газар хөдлөлтөд тэсвэртэй тусгай бүтэцтэй аж.
Скайтрий цамхаг бол Японы технологижсон орчин үе, мөн япончуудын тэсвэр хатуужлыг илэрхийлсэн нүсэр байгууламж. Ялангуяа 2011 оны их газар хөдлөлтийн дараахан уг цамхгийг ашиглалтад оруулснаар “бид дахин босно” гэсэн мессежийг дэлхий нийтэд дамжуулжээ.
Тэгэхээр өнгөрсөн түүхийг хүүрнэх Асакуса сүм, түүний хажууханд зэрэгцэн орших Скайтрий цамхаг нь ирээдүйг билэгдэж...Япон улс ийнхүү түүх, шинэчлэл хоёрыг нэг дор эвлүүлэн барьж цогцлоож байна.
Шинэлэг Шибуяагаар холхисон нь
Гурав дахь өдөр бол хөтөчгүй, ёстой л "бор зүрхээрээ" өнгөрөөх өдөр. Анх удаа Японд ирж буй бидний хувьд эхлээд сонсоход хэцүү мэт санагдсан ч бас ч үгүй япон хэлний орчуулагчтай, мөн манай Д. Энхбаяр гар утасны GPS аппликейшнийг чадамгай ашигладгийн хүчээр энэ өдрийг амжилттай давж чадсан юм.
Бид өглөө эрт өнөөх Японд очсон бараг хүн бүрийн амнаас гардаг алдарт Шибуяа гэх дэлхийн хамгийн алдартай явган хүний уулзварт метрогоор явж хүрлээ.
Ногоон гэрэл асахыг хүлээх зуур яг урд минь ногоон торгон дээлтэй эмэгтэй зогсож байх нь онцгой содон харагдана. Ойртон очиж мэндэлтэл тэрбээр аяллын компанийн шугамаар ирсэн, алдарт Фүжи уулыг бүтэн тойроод ирлээ хэмээн өгүүлэв.

Ингээд Шибуяа уулзварт өөрийн биеэр очиж явж өнгөрснөө хүмүүсийн хийсэн бичлэг, зурагтай харьцуулахад, манай Улаанбаатар хотын дөрвөн замын уулзвараас нэг их томгүй /бас л минимал юм/ боловч түүгээр түм буман хүн ногоон гэрлээр амжиж гарах гэж яаран чихэлдэн холхино. Замаар гарч буй хүмүүсийг ажиглахад яг зорилготой гарч буй хүмүүсээс илүүтэй энд тусгайлан ирж зураг авч, бичлэг хийж буй нь их байх шиг. Дэлхийн өнцөг булангаас ирсэн хүмүүс яагаад бөөнөөрөө замын уулзвар дээр цугларч, утсаа барин гүйх дуртайг ойлгох л хэрэгтэй. Шибуяа бол өөрийгөө хайж буй хүмүүсийн газар. Хэн ч чамайг шүүхгүй, бүгд л завгүй. Энэ нь нэг төрлийн эрх чөлөө юм гэнэ...

Шибуяа уулзварын баруун урд хэсэгт
байрлах Хачикогийн хөшөө. Холливудын од Ричард Гир гол дүрд нь тоглосон кино энэхүү
эзнээ 10 жил хүлээсэн үнэнч нохой болох Хачикогийн тухай бодит үйл явдлаас
сэдэвлэснийг хэн хүнгүй мэдэх байх. Харин одоо бол хүмүүсийн болзож уулздаг “болзоотын
бор толгой ” болсон байна билээ.

Шибуяагийн гудамжийг бас залуусын
загварын “библи” гэж хэлж болно. Орчин цагийн хувцасны загварын чиг хандлагыг эндээс
л хардаг гэнэ дээ..Дотор нь орвол “би хэн бэ?” гэдэг асуулт нэмэгдэнэ. Хүмүүс
тэнд ганцаараа байх мөртлөө, ганцаараа биш мэт мэдрэмж авдаг. Яг л орчин цагийн
амьдрал шиг...

Токио хот. 2025 он, 12 дугаар сар
Улаанбаатар