БУЛГАН: Аймгийн аваргаас шалгарсан харваачид VIII наадамд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-07 15:23:53

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  Монголын үндэсний спортын VIII наадмын "Мөсний сурын харваа"-ны анхан шатны аймгийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-ны өдөр болж өндөрлөлөө.


Тэмцээнд Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Төв, Булган аймгаас 70 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорин, аваргуудаа шалгарууллаа.


I байр-А.Отгонбаяр (Булган аймаг Баян-Агт сум)

II байр-Г.Даваасайхан (Хөвсгөл аймаг)

III байр-Б.Ганбаатар (Дархан-Уул аймаг)

IV байр-Э.Энхтүвшин (Булган аймаг Бүрэгхангай сум)

V байр-Б.Мягмарсүрэн (Орхон аймаг) нар тус тус эзэллээ.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Монголын үндэсний спортын VIII наадамд оролцох юм.

 

Монголын мөсөн сурын холбооноос VIII наадмыг нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хандгайтын мөсөн талбайд зохион байгуулах юм.

 

Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах энэхүү наадам өв соёлын олон зан заншлыг харуулдаг онцлогтой.

 

Сурын харваа нь үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв юм. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон. Ан ав, цэрэг дайны зориулалтаар ашигладаг байсан нум сум нь үндэсний их баяр наадмын нэг төрөл болжээ.

 

Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал "Харвааны үе" хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх агаад үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцоно. Жишээ нь, мэргэ үед зөвхөн алдар цуутай мэргэн харваачид өрсөлддөг бол далд үед харьж яваа, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүлдэг журамтай.


Он цагийн уртад өргөжин тэлж, улам боловсронгуй болсон сур харваа нь цуваа, багийн, холч зэрэг төрөлтэй байсан бөгөөд өдгөө халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр зохион байгуулах болжээ.


Урианхай харваанд зөвхөн эрчүүд оролцдог бол буриад, халх сурын харваанд хүйс үл хамааран харвадаг.


Нум нь хөвч, гичир, их бие, бариул, шийр, хайгуул гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Харин харваач хүн нум, сум, эрхийвч, ханцуйны боолт, бүсэвч буюу агсуурга, ховд буюу сум хийх сав, хоромсого буюу нум хийх савтай байдаг.

Нум сум харвах тэмцээний үед уухайлдаг ёс бий. Уухай бол сур, шагай харвахад харваачдыг хөгжөөх дуудлага юм.


Мөсөн сур харвахад доорх аялгууг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна:

Магнай - Магнай – өөрийн талын ахлагчид тоглолтын эхэнд хийх урилгын уухай

Хормой - Хормой буюу хормойлуул – өөрийн тал (баг)-ын харваачийг онох болтугай гэсэн уухай

Дагуул - Дагуул – удаах сумаараа онох болтугай гэсэн уухай

Уухай - Хай даа – чих онож гаргасан өөрийн талын харваачид баяр илэрхийлсэн уухай

Хууг-Хууг – эсрэг тал (баг)-ын харваачийг самгардуулах уухай

Гилэн тош – эсрэг тал (баг)-ын харваачийг бүү оноорой гэсэн утгатай уухай

Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлгэшээдэг байна.







Холбоотой мэдээ