ГОВЬ-АЛТАЙ: Амаржсан эхчүүдийг орон сууцны дэмжлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч Э.Энхнаран нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинэ оны эхэнд төрсөн эх, нярайг эргэлээ.
2026 оны ууган иргэн нэгдүгээр сарын 2-ны өдрийн 12 цаг 21 минутад төрсөн байна.
Мөн үеэр аймгийн Засаг дарга Г.Чинбат төрийн албанд тэр тусмаа сургууль, эмнэлэгт ажилладаг амаржсан эхчүүдэд орон нутгийн төрийн албан хаагчдаа дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй орон сууцны дэмжлэгт хамруулахаа амлалаа.
Мөн төрөх тасгийн хамт олондоо баяр хүргээд, орон сууцны дэмжлэгт хамрагдаж амжаагүй эмч, ажилтнуудыг хамруулахаа илэрхийлээд, энэ онд амаржих газрын гадна пасадны төсвийг шийдэж, тулгамдсан асуудал болох тус барилгын дулаан алдагдлыг шийдэхийг дуулгалаа.
Он гарсаар 11 эх төрж, 12 хүүхэд төрсөн байна. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт жилд 1200 орчим эх төрдөг байсан бол сүүлийн жилүүдэд төрөлт буурсан үзүүлэлттэй байгаа тухай төрөх тасгийн эмч Л.Отгончимэг ярилаа. Тодруулбал, 2023 онд 900 орчим, 2024 онд 814, 2025 онд 772 эх амаржжээ.
Улаанбаатар