АРХАНГАЙ: Булган уулын янгирын сүрэг 64 болж өслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-07 16:43:32

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн БОГ-аас ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган ууланд нутагшиж буй янгирын сүрэгт 16 удаагийн биотехникийн арга хэмжээ авч, 1400 кг хорголжин тэжээл, 180 кг хужир мараа, долооц тавьж өгсөн байна.

 

Биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Булган дархан цаазат газар 21 янгирыг нэмж, нутагшуулах ажлыг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан. Ийнхүү Булган уулын янгирын сүрэг 2024, 2025 оны төлтэйгөө нийлээд 64 толгой болж өсжээ. Анх 2023 онд 11 толгой янгир нутагшуулж байсан ба нэмж 2024 онд 16, 2025 онд 21 толгой янгирыг нутагшуулсан юм.


Мөн Чулуут голын сав газарт тул загас болон Зэвэг, Хадранг зориудын аргаар үржүүлж, 320 орчим мянган жарамгайг нутагшуулсан байна.


2025 онд Тураг гогойн тархац бүхий 13 сумын 24 байршилд тоо толгой, тархалт үүрлэлтийн судалгааг гүйцэтгэж, тооллогоор аймгийн хэмжээнд 8690 орчим тураг гогой тоолуулсан байна. Үүнд 8.3 сая төгрөг зарцуулжээ. 


Холбоотой мэдээ