СҮХБААТАР: Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд нас, сэтгэхүйн онцлогт тохирсон булан байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-01-07 17:13:29

Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын I сургууль Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим буюу тэгш боломжийг бүрдүүлэх танхимтай болоод гурван жил болжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бөгөөд тус танхимын сургалтад 38 сурагч хамрагдаж байна.



Дээрх сурагчид нь 6-17 насны буюу 1-11 дүгээр ангийнхан юм. Хараа, сонсгол, хэл яриа, тулах эрхтний гээд төрөл бүрийн хоцрогдолтой хүүхдүүд байдаг. Тэд анги хамт олонтойгоо мөр зэрэгцэн сурч боловсордог ч хичээлийн бус цагаар энэхүү танхимдаа ирж Тусгай хэрэгцээт боловсрол”, “Тэгш хамруулан сургахболовсролын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн багшийн удирдлага дор суралцдаг байна.


Энэ намар тохиосон сургуулийн түүхт 100 жилийн ойн хүрээнд тус танхимыг бүрэн засварлаж таатай орчныг бүрдүүлсний зэрэгцээ хүүхэд бүрийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан булан тохижуулжээ.


Эхэндээ хүүхдүүд маань өөрийгөө бусдаас өөр гэдгээ илүү мэдэрдэг учир тусгай танхимаар үйлчлүүлэх нь ховор байсан. Гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулаад ирэхээр хүүхдүүдийн болоод бусад үе тэнгийнхэн, ар гэрийнхнийх нь хандлага ч өөрчлөгддөг юм билээ. Одоо бол манай хүүхдүүд хичээлийнхээ цагийг бүрэн ашиглаж, танхимдаа хамтдаа хөгжиж, нэг нэгнээсээ суралцдаг болсон гэж Тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Алтанцэцэг ярилаа.



Энэхүү танхимаар нэг сурагч долоо хоногт хоёр удаа үйлчлүүлдэг. Нэг удаагийн хичээл 1 цаг 30 минут үргэлжилдэг байна.

Б.Алтанцэцэг багш ийнхүү сурагчдадаа хичээлээ заахаас гадна бусад боловсролын байгууллагын багш ажилчдад тусгай хэрэгцээт боловсролын талаар сургалт, мэдээллийг тогтмол өгдөг гэнэ. 

Холбоотой мэдээ