Зураач Л.Оргилболдын 11 дэх бие даасан пастель үзэсгэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2026-01-09 12:08:46
@s_munkhbaatar

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч МУСТА Л.Оргилболдын "NATURE'S CHARISMA" бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. 


Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар явж пастель тосон будгаар туурвисан 90 гаруй бүтээлээ үзэгч олонд ийнхүү дэлгэжээ. Пастель тосон будгийн төрлөөр дагнан бүтээснээрээ нэн онцлог энэхүү үзэсгэлэнгээс байгалийн ер бусын татах хүч, өнгөний нэгдэл, дахин давтагдашгүй хэмнэлийг мэдрэх боломжтой ажээ. 


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч Л.Оргилболд, "Би бодит байгалийн зураг зурж байсан бол энэ удаа арай өөр буюу хийсвэр сэтгэлгээний өнцгийг уран бүтээлдээ шингээхийг зорьсон. Тиймээс өмнөх үзэсгэлэнгүүдээс илүү онцлог болсон" хэмээн тодотгож байлаа.


Пастель тосон будгийн төрөл нь цөөн өнгөөр хөнгөн, хүнд өнгийг аажим шилжүүлж зурдаг онцлогтой бөгөөд Монголд энэ төрлөөр туурвидаг цөөн уран бүтээлч бий.


Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Ардын зураач Г.Дунбүрээ, "Энэ удаагийн үзэсгэлэн тун өвөрмөц байна. Уран бүтээлч хүн өөрийнхөө өнгө аялгууг өөрөө олж харж чаджээ" хэмээн тэмдэглэж байлаа. 


Л.Оргилболд МУБИС-ийг дүрслэх урлаг, дизайны багш мэргэжлээр 2006 онд төгссөн. Түүнээс хойш өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд өөрийн бие даасан үзэсгэлэнг 10 удаа олон нийтэд дэлгэж байсны дийлэнх нь пастель тосон будгийн төрөл байв. Мөн тэрбээр 2018 онд “Алтан нутаг арт галерей”-г Төв аймгийн Заамар суманд байгуулж Монголын анхны уран зургийн галерейтай сум болгож байжээ.


Тус үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал олны хүртээл болно. 










Холбоотой мэдээ