ГОВЬ-АЛТАЙ: “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-09 13:38:14

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 09 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын нэгдүгээр сарын 8-ны өдрийн захирамжаар 2026 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, мөн аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлав.


Энэхүү жилийн хүрээнд баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих юм. Түүнчлэн хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг ханган тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлогыг бодитойгоор дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн Засаг дарга захирамждаа дурдсан байна.


Ингэхдээ баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого боловсруулах, нэрэмжит жилийн ажлын төлөвлөгөөг гарган, “Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах ажээ.

Холбоотой мэдээ