Завхан аймаг 95 жилийн өмнө 21 сумтай байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-09 16:34:08

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 95 жилийн өмнө засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар 21 сум 209 багаас бүрдэх болжээ.


1931 оны засаг захиргааны зохион байгуулалт бол хуучны аймаг, хошуудыг татан буулгаж, одоогийн аймаг, сумд байгуулагдсан түүхэн чухал он цаг юм.


Хантайшир уулын аймгийн яамыг 1931 оны дөрөвдүгээр сарын 1-нд татан буулгаж, уг яамны суурин дээр Завхан аймгийг 21 сумтайгаар байгуулжээ. Завхан аймгийг Нөмрөг, Улаагчин, Тэлмэн, Дөрвөлжин, Имбүүмандал, Ургамал, Сонгино, Барчин, Чандмана-Өлзийт, Сантмаргац, Жавхлант, Отгон, Агьт, Голын арц, Баянбулаг, Шилүүстэй, Баян-Уул, Жаргалан, Чандмань, Хасаг жаргалант, Идэр сум гэсэн нийт 21 сумтайгаар үүсгэн байгуулжээ.


Энэ онд Завхан аймгийн ихэнх сумууд байгуулагджээ. 1931 онд Завхан аймгийн харьяанд байгуулсан Нөмрөг, Тэлмэн, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сонгино, Сантмаргаз, Отгон, Шилүүстэй, Идэр сум, Хөвсгөл аймгийн харьяанд байгуулсан Баянхайрхан, Баян-Уул сум, Архангай аймгийн харьяанд байгуулсан Тосонцэнгэл, Их-Уул сум мөн 1931 онд үүсгэн байгуулжээ.


1941 онд Хөвсгөл аймгаас Баян-Уул, Баянхайрхан, Архангай аймгаас Тосонцэнгэл, Их-Уул, Наран, Хуягт сумыг шилжүүлэн авчээ. 1952 онд Цагаанхайрхан, Цагаанчулуут сумын нэр тогтож, Эрдэнэхайрхан сум байгуулсан байна. 1959 онд Түдэвтэй сум, Тэс сум, Цэцэн-Уул сум, Яруу сум байгуулагдсан байна. 1986 онд Баянхайрхан сумын Асгатын ТАА-г сум болгосон, 1992 оны хуулиар Улиастай хотыг сум болгосноор Завхан аймгийн өнөөгийн 24 сум ийнхүү төлөвшин тогтсон тухай “Нэгэн зууны он дарааллын шастир-Завхан аймгийн түүх” номд өгүүлжээ. 


Холбоотой мэдээ