ГОВЬ-АЛТАЙ: “Мөнгөн шаглаа” ганган хос шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-09 16:21:16

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 09 /МОНЦАМЭ/. "Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтийн амралт, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Мөнгөн өвөл” мөсний баярыг энэ сарын 17-нд зохион байгуулна. 


Мөсний баяр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Олон нуурт болох бөгөөд мөн үеэр “Мөнгөн шаглаа” ганган хос шалгаруулах тэмцээн, мөсний шагай, олс таталт, тэшүүрийн тэмцээн болох юм. 


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг баярын үеэр “Мөнгөн шаглаа” ганган хос шалгаруулах уралдааныг тус аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас зохион байгуулна.


Монгол түмний соёлын өв, үндэсний хувцас, хэрэглэл тэр дундаа өвлийн улирлын онцлогийг шингээсэн өдөр тутмын болон гоёлын хувцас, эдлэл, хэрэглэлийг олон нийтэд сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэх, залуу, хойч үедээ өвлүүлэх, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор уралдааны зорилго ажээ. 


Уралдааныг зохион байгуулснаар үндэсний хувцасны онцлог, хэрэглээ, утга бэлгэдэл, ач холбогдол, үндэсний хувцасны соёлоор дамжуулан гоо зүй, ёс зүйн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний хувцсыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, залуу, хойч үедээ бахархах үзлийг бий болгох юм. Үүний сацуу иргэдийн гар дээрх соёлын үнэт өв болох эдлэл, хэрэглэлийг олон нийтэд сурталчлах, үндэсний хувцас, эдлэл, хэрэглэлийн хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ