Байгальд ойр байна гэдэг нь ...

МОНГОЛ ХЭМНЭЛ
Ts.Enkhtuya@montsame.gov.mn
2026-01-16 09:41:00

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16. /МОНЦАМЭ/. Намайг Төвсанаагийн Мандхай гэдэг. Хорь гаруй жил багшилж байна. Байгальтай ойр байх, ялангуяа ууланд алхах, бясалгал хийх, хүн төрөлхтний болоод ертөнцийн мөн чанар, түүхийг их сонирхдог.


Сурагчдын маань дийлэнх нь өндөр хөгжилтэй оронд очиж суралцахыг хүсэх болжээ. Зөв ч байх.  Залуу хүн хорвоо ертөнцийг таньж мэдэх хүсэл сэтгэлээр халгин цалгин байх үедээ өөрийгөө сорьж, гадаад оронд очихын хамгийн том давуу тал нь ХҮН байхад суралцдаг.


Бид бол бахархмаар гайхалтай түүхтэй үндэстэн, хүн ам цөөн ч ямар “чанартай үндэстэн” болохыг маань маш олон үйл явдал харуулсаар байна. Дэлхийд үнэлэгдэж яваа монгол хүн ч олширчээ. Гэхдээ онцгой чадвар, гайхамшигт суу ухаанаас нь илүүтэй монгол хүний үнэнч шударга, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, бусдад төвөг болдоггүй зан чанар нь танигдаж, үнэлэгдэж, хүндлэгдээсэй гэж би хүсдэг. Тиймээс хүүхдүүдээ, шавь нараа ийм л ХҮН болгохыг зорьж ажилладаг.


Монголчуудын өнө эртнээс уламжлан ирсэн нүүдэлчин ахуйн соёл хэдийгээр суурин ахуй руу шилжиж буй ч байгаль эх дэлхийгээ хайрлах уламжлалт ухаан нь үеийн үед хадгалагдсаар байх учиртай. Боломж л олдвол хүүхдүүдээ, шавь нараа байгальд дагуулан гарч, хорвоо дэлхийн түмэн өнгө, хэчнээн үзэсгэлэнтэй сайхныг мэдэрдэг болгоход анхаарч явдаг даа. 


Холбоотой мэдээ