Л.Лхагвасүрэн: Шинэ Үндсэн хуулиа баталсан нь Монгол Улсын парламент хууль тогтоох ирээдүйтэй гэдгээ нотолсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-01-13 08:53:50

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан.


Уг үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл болж сонгогдсон 430 депутат оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа илэрхийлж явсан хүмүүсийн нэг бол Ардчилсан Үндсэн хуулийн 397 дугаар тойргийн депатут Л.Лхагвасүрэн юм. “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтлэгдсэн түүний дурсамжаас хуваалцаж байна.



Л.Лхагвасүрэн: Миний бие нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын сонгогчдын өндөр итгэл хариуцлагыг хүлээн сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн байгууллагын цөөхөн төлөөлөгчдийн нэг болж, шинэ Үндсэн хуулийг батлалцахад оролцсон. Улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрх зүйн эцэг хуулийн урт хугацаатай үйлчлэх чадамж, хэв шинжийг Монголын төрт ёсны уламжлалтай хослуулан гаргахад депутатуудтайгаа хамт ажиллаж байсан нь бахархалтай.


Нийгэм маань маш хүнд орчин нөхцөлтэй байлаа. Үүнийг дурдахын учир нь улс орны маань гадаад дотоод байдал туйлын хүнд, ард түмний санаа бодол, зөрчил хямрал, нийгмийн шинэ тогтолцоонд шилжих маш их адармаатай түүхэн хөгжлийн эхлэл байсан үед Үндсэн хууль батлах үйл явц давхацсан нь онцлогтой. Энэ үед төв хөдөөд улсын өмчийг задалж хувьчлах ажлын бэлтгэл ажлыг дутуу дулимаг хийснээс болж, эдийн засаг, нийгмийн бүх салбар мал аж ахуй, газар тариалангийн хөгжлийн явцад бий болсон өмч хөрөнгө эзэнгүйдэх ашиглаж, шамшигдуулах тонож устгах, зэрэг зохисгүй үйл ажиллагаа хаа сайгүй болж, иргэдийн өргөн хэрэглээний барааны хангалт муудаж, картын системд орж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, олон нийтийн тэмцэл, үзэл бодлоо илэрхийлэх олон хэлбэрүүд бий болж, АИХ-д төрөл бүрээр шахалт дарамт үзүүлж байлаа.


Ийм хүнд хэцүү үед АИХ-ын чуулган, түүний депутатууд эрхэм зорилт, зорилгоо ухамсарлан тэвчээртэй хандаж, Үндсэн хуулийн нэр, улсын нэр, сүлд тэмдэг, засаглал хуваах эрх мэдэл иргэдийн эрх, эрх чөлөөний асуудлаар маргаан тэмцэл, хурал хаях зэрэг зарим үед хуулиа ч батлахгүйд ч хүрэх нэн ноцтой байдал удаа дараа тулгарч байсан боловч Монгол түмний уужуу тайван хүлээцтэй ханддаг ноён нуруутай байдгаа харуулж, Монгол Улсын парламентыг өндөр соёлтой бөгөөд хууль тогтоох цаашдын ирээдүйтэй байгууллага байхыг харуулж, шинэ Үндсэн хуулиа баталсан нь түүхэн гавьяа юм.


Монгол Улсын Үндсэн хууль нь нийгмийн хөгжлийн шаардлагаас шинэчлэн боловсрогдож, төрийн хийгээд намуудын удирдагчид, хуульч, эдийн засагч, түүхч эрдэмтэн мэргэд, олон мянган иргэдийн оруулсан санал санаачилгад тулгуурласан оюуны их бүтээл бөгөөд манай улсын хөгжлийн чиг хандлагын ойрын ирээдүй эцэг хууль болсон юм. Үүнд хэн ч дураараа авирлаж өөрчлөх ёсгүй.

 

Холбоотой мэдээ